Нийслэлийн 28.9 их наяд төгрөгийн өртөгтэй 16 мега төслийн бодит гүйцэтгэл өнөөдрийн байдлаар ердөө 5 хувьтай байна
Өнөөдөр (2026.06.15) Төрийн ордны “Их Эзэн Чингис Хаан” танхимд Улаанбаатар хотын 2024–2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах хоёр өдрийн нээлттэй сонсгол эхэллээ. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалж буй тус сонсголоор нийслэлийн санхүүгийн сахилга бат, олон тэрбум ам.долларын өртөгтэй мега төслүүдийн гүйцэтгэл болон ашиг сонирхлын зөрчлийн асуудлуудыг хэлэлцэж байна. Эхний өдрийн хэлэлцүүлгээр хотын төсвийн алдагдал улсын нэгдсэн төсвийн алдагдлаас давж, санхүүгийн ноцтой эрсдэл үүссэнийг албаныхан анхаарууллаа.
Сангийн сайд З.Мэндсайханы танилцуулсан мэдээллээр, 2026 оны төсвийн төлөвлөгөөнд Улаанбаатар хотын төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь улсын нэгдсэн төсвийн нийт алдагдал болох 1.0 их наяд төгрөгөөс даруй хоёр дахин их үзүүлэлт юм. Нийслэлийн төсвийн зарлага сүүлийн жилүүдэд огцом өссөн бөгөөд 2022 онд 1.4 их наяд төгрөг байсан бол 2026 онд 7.8 их наяд төгрөгт хүрч, бараг зургаа дахин нэмэгджээ. Түүнчлэн хот 2.5 их наяд төгрөгийн дотоод болон гадаад бонд гаргасан бөгөөд хэрэв төлбөр тасалдвал Засгийн газар хуулийн дагуу өрийг хариуцах өндөр эрсдэлтэйг Сангийн сайд анхааруулав.
Нээлттэй сонсголын үеэр хараат бус шинжээчдийн зүгээс ашиг сонирхлын тогтолцооны ноцтой зөрчлийг илчилсэн байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 төлөөлөгчийн 43 нь орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр давхар ажилладаг болох нь тогтоогджээ. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тус бүтцийг эрс шүүмжилж, хотын төлөөлөгчид өөрсдийн удирддаг компаниудад зориулж төсөв баталдаг байж болзошгүй тогтолцоо бүрдсэнийг онцлов.
Нийслэлд хэрэгжиж буй 16 мега төслийн явцыг шинжээчид танилцууллаа. Метро, Туулын хурдны зам, тойрог зам, дүүжин тээвэр зэрэг төслүүдийн нийт өртөг 8.1 тэрбум ам.доллар буюу 28.9 их наяд төгрөгт хүрч байгаа бөгөөд энэ нь 2025 оны улсын нийт төсвийн 93 хувьтай тэнцэж байгаа юм. Гэвч өнөөдрийн байдлаар эдгээр төслийн бодит гүйцэтгэл ердөө 5 хувьтай байгааг тайланд тэмдэглэлээ. Үүнээс дүүжин тээврийн төсөл 26 хувь, Туулын хурдны зам болон Баянхошуу дэд төвүүдийн ажил 22 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол нийт төслийн төсвийн 30 хувийг эзэлж буй метроны төслийн ажил бараг эхлээгүй байна.
Сонсголын үеэр хотын удирдлагуудтай холбоотой авилгын хэргүүд ч хөндөгдлөө. Хотын дарга асан Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай одоогийн байдлаар цагдан хоригдож байгаа тул сонсголд оролцсонгүй. Авлигатай тэмцэх газраас түүнийг хахууль авах болон мөнгө угаасан хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Тэрээр өөрийн эхнэр болон хамаатан садныхаа компаниудад Туулын хурдны замын Нэгдүгээр тойрог замын ажлын гүйцэтгэл нэрээр 5.6 тэрбум 709 сая төгрөгийг хууль бусаар шилжүүлсэн хэрэгт холбогдоод байгаа юм.
Тус хяналтын сонсгол маргааш буюу зургаадугаар сарын 16-ны өдөр үргэлжлэх бөгөөд 16 мега төслийн техникийн болон санхүүгийн аудитын дүгнэлтийг нарийвчлан хэлэлцэх юм. Олон нийтийн ил тод байдлыг хангах үүднээс сонсголыг Үндэсний телевиз болон парламентын шууд сувгуудаар орон даяар шууд дамжуулан хүргэж байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.