СОНСГОЛ: Туулын хурдны замын төслийн анхны төсөвт өртгийг 2.3 их наяд төгрөг болгон тодотгосон нь олон улсын жишгээс хэт өндөр байгааг шинжээчид онцлов

СОНСГОЛ: Туулын хурдны замын төслийн анхны төсөвт өртгийг 2.3 их наяд төгрөг болгон тодотгосон нь олон улсын жишгээс хэт өндөр байгааг шинжээчид онцлов

Нийслэлийн төсвийн ерөнхий хяналтын сонсголоор нийслэлийн хамгийн өндөр өртөгтэй мега төслүүдийн нэг болох "Туулын хурдны зам"-ын төсөв санхүүгийн зарцуулалт, аудитын дүгнэлт болон авлига, ашиг сонирхлын асуудлыг хэлэлцэж байна. Тус төслийн анхны төсөвт өртгийг 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж ойролцоогоор 2.3 их наяд төгрөг болгон тодотгосон нь олон улсын жишгээс хэт өндөр байгааг шинжээчид онцолж байна. Энэхүү хурдны замын 1 км-ийг барих өртөг дунджаар 70 орчим тэрбум төгрөгт хүрсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, хууль хяналтын байгууллагын шалгалтын үндэслэл болоод буй.

"Туулын хурдны зам" төсөл нь Баянзүрхийн товчооноос Баруун аймгууд руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл Богд уулын энгэрээр үргэлжлэх 6 эгнээ бүхий 32 км урттай, олон улсын стандартын гэрлэн дохиогүй экспресс зам байхаар төлөвлөгдсөн байдаг. Бүтээн байгуулалтын хүрээнд 12.8 км урт гүүрэн байгууламж, 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 190 метр урт туннель барихаар тусгажээ. Төслийн олон улсын тендерт 2025 оны 7 дугаар сард Хонгконгд бүртгэлтэй Хятадын "ХаоЮань групп" болон түүний охин компани болох "Тяньжин ОуБайВэй" компанийн түншлэл шалгарсан боловч гэрээ байгуулахдаа худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.

Үндэсний аудитын газраас уг төслийн төлөвлөлт, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Аудитын шалгалтаар "Туулын хурдны зам" төслийн гэрээний урьдчилгаа төлбөрт нийт 500 тэрбум төгрөгийг гүйцэтгэгчид олгосон нь тогтоогджээ. Үүнээс гадна бусад зардалд 7.2 тэрбум төгрөг, газар чөлөөлөх ажилд 2.4 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Үндэсний аудитын газраас илэрсэн зөрчил дутагдалтай холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах 4 асуудал болон төслийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн 12 зөвлөмжийг гаргаад байна.

Төслийн сонгон шалгаруулалт болон санхүүжилт олгох явцад нийтийн албан тушаалтнууд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагууд шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн төслүүдтэй холбоотой нийт 30 дансны 2.6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарлаад байгаа бөгөөд 8 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 3 хүнийг цагдан хориод байна. 

"Туулын хурдны зам" төслийн барилгын бэлтгэл ажлыг 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлсэн бөгөөд цаашид хэрхэх нь хууль хяналтын байгууллагын шалгалт болон аудитын эцсийн дүгнэлтээс шалтгаалах юм.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.