Г.Занданшатар: Монгол Улсыг "AI үндэстэн" болгох үндэсний хувьсгалыг эхлүүлэх санаачилгыг дэвшүүлж байна

Хонконгт улсад зохион байгуулагдсан Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Ерөнхий сайд асан Г.Занданшатар үргэлжлүүлэн Сөүл хотын Жэжү аралд нээгдсэн “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Жэжү форум 2026” хэлэлцүүлэгт оролцсон билээ. Тэрбээр өчигдөр эх орондоо ирлээ. Энэ үеэр бид түүнтэй цөөн хором ярилцсан юм. 

-Хонконгт болсон Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг маш амжилттай оролцлоо. Энэхүү тэмцээний сонин сайхан, та ямар олзтой ирэв?

-  Хонконг улсад зохион байгуулагдсан Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг үнэхээр амжилттай оролцож, тавдугаар байр эзэллээ. Энэхүү тэмцээнд манай шатарчид өндөр амжилт үзүүлсэн бөгөөд 2400 хүртэлх чансааны ангилалд дэлхийн аваргын алтан медаль хүртэж, мөнгөн медалийг "Алдар" спорт хорооны тамирчин авлаа. Мөн сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс "Босоо ноён" клубийн тамирчин мөнгөн медалийн эзэн болсон. Энэхүү амжилт бол Монгол хүний оюун ухааны чадамж дэлхийн тавцанд дахин сэргэж буйн тод илрэл юм.

-Та тэмцээний дараа БНСУ-ын Чэжү аралд болсон олон улсын форумд оролцсон шүү дээ. Тэндээс олж харсан хамгийн чухал сэдэв юу байв?

 Чэжү арлын форумаас олж харсан хамгийн чухал сэдэв бол хиймэл оюун ухаан буюу "Эй Ай" (AI)-ийн шинэ эрин үе байлаа. Өнөөдөр хиймэл оюун ухаан нь зөвхөн технологийн нэршил төдий биш, боловсрол, эрүүл мэнд, улс төр, эдийн засаг, цаашлаад цэрэг армийн салбарт ч шинэчлэлт авчирч буй "жинхэнэ оюун ухаан" болон хөгжиж байна. Дэлхий дахин агуу их шилжилтийн үед байгаа бөгөөд Монгол Улс энэхүү хөгжлийн давлагаанаас хоцрох ёсгүй. Үүнтэй холбогдуулан би Монгол Улсыг "Эй Ай үндэстэн" болгох үндэсний хувьсгалыг эхлүүлэх санаачилгыг дэвшүүлж байгаа юм.

- Монгол Улсыг "Эй Ай үндэстэн" болгох санаачилга маш сонирхолтой сонсогдож байна. Хиймэл оюун ухааныг төрийн удирдлагад нэвтрүүлснээр ямар өөрчлөлт гарах вэ?

Хиймэл оюун ухааныг төрийн удирдлагад нэвтрүүлснээр авлига, хүнд суртлыг үндсээр нь устгах боломжтой. Тендер шалгаруулалт, ажилд авах үйл явц, улс төрийн шийдвэр гаргалтад хиймэл оюун ухааныг ашигласнаар танил тал харах, арын хаалга хэрэглэх зэрэг сөрөг үзэгдлийг бүрэн арилгана. Мөн сонгуулийн үйл ажиллагааг шударга, ил тод зохион байгуулахад энэхүү технологи голлох үүрэг гүйцэтгэх юм.  Ирэх 10 жилийн дотор Монгол Улс үсрэнгүй хөгжилд хүрэх бүрэн боломжтой. Тухайлбал, хиймэл оюун ухаанд суурилсан багш нар хөдөө орон нутгийн хүүхдүүдэд хотынхтой адил чанартай боловсрол олгож, тэгш боломжийг бүрдүүлнэ. Эрүүл мэндийн салбарт ч оношилгоо, эмчилгээний шинэ аргууд нэвтэрснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ илүү шуурхай, чанартай болох юм.

-Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ямар бодит алхмуудыг хийж байна вэ?

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтарсан "Эй Ай үндэсний хороо"-г байгуулах санаачилгыг гарган ажиллаж байна. Саяхан болсон уулзалтын үеэр БНСУ-ын талтай энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Дэлхийн технологийн тэргүүлэгч орнуудтай хамтран ажиллаж, шинэ дэвшлийг эх орондоо нутагшуулснаар иргэдийн амьдралын чанарыг богино хугацаанд сайжруулах боломж бүрдэнэ.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.