Нэг өдрийн дотор 100 гаруй хуулийг “машиндсан” УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ

Нэг өдрийн дотор 100 гаруй хуулийг “машиндсан” УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ

УИХ-ын хаврын ээлжит чуулган сүүлийн өдрүүдэд шахуу хуваариар ажиллаж олон чухал хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Шинэ парламентын хоёр дахь жилийн хаврын чуулганыг УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт удирдсан бөгөөд чуулган хаах хугацаа ойртсонтой холбогдуулан 100 гаруй хуулийн төслийг маш шуурхай хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хаалтын өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар зургаан гол хуулийн төсөл болон тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн 138 гаруй хуулийн төслийг эцэслэн баталсан юм.

 Эдгээрээс онцолбол, эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль бөгөөд Засгийн газраас өргөн барьсан уг төслийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын өргөн барьсан төсөлтэй хамтатган баталлаа. Үүнийг дагалдуулан өргөн барьсан бусад 92 хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг мөн шийдвэрлэсэн байна. Түүнчлэн гэр бүлийн харилцааг зохицуулах шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг дагалдах хуулиудын хамт баталлаа.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, холбогдох зургаан хуульд өөрчлөлт оруулсан байна. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүний өргөн мэдүүлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Үүнээс гадна Газрын тосны тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Асрах үйлчилгээний тухай хуулиудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Эрх зүйн шинэчлэлээс гадна чуулганаар хэд хэдэн чухал томилгоо болон олон улсын зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталлаа. Тухайлбал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилох шийдвэрийг баталгаажуулж, Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Австри улсын Засгийн газартай байгуулах эрчим хүч, дэд бүтцийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг соёрхон баталлаа.

Ийнхүү олон намын төлөөлөл бүхий шинэ парламент хаврын ээлжит чуулганаа амжилттай өндөрлүүлж, ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө болон хяналт шалгалтын цаглаварыг батлав. Сүүлийн өдрүүдэд маш өндөр ачаалалтай ажиллаж, зуу гаруй хуулийн төслийг шуурхай баталсан нь эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эдийн засгийн эрх чөлөөг хангах болон төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахад чухал алхам болж буй юм.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.