Танилц: Хувийн сургуулиудын сургалтын төлбөр 7-160 сая төгрөгийн үнэтэй байна

Танилц: Хувийн сургуулиудын сургалтын төлбөр 7-160 сая төгрөгийн үнэтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдэл болон үүнийг зохицуулах яамны шийдвэрүүд эцэг эхчүүдийн анхаарлын төвд байна. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан сургалтын төлбөрийн нэмэгдлээс үүдэлтэй санхүүгийн хүндрэл, маргааныг шийдвэрлэх, ил тод байдлыг хангах үүднээс 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр А/119 дүгээр тушаал гаргаж, хувийн сургуулиудын төлбөр хураамжид тодорхой хязгаарлалт тогтоосон билээ. Өдгөө нийт сурагчдын 10 орчим хувь нь хувийн сургуулиудад суралцаж байгаа бөгөөд шинэ зохицуулалт нь тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэж байна.

Шинэ тушаалаар сургуулиудын үйл ажиллагаа, төлбөр тогтоох эрхэд шууд халдахгүй ч эцэг эхчүүдэд ирэх санхүүгийн дарамтыг бууруулах хэд хэдэн чухал шаардлагыг тавьжээ. Тухайлбал, шинээр элсэгч болон үргэлжлүүлэн суралцагчдын суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг нийт сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхийг хориглосон байна. Мөн төлбөрийг жилээр бус, улирлаар нь хэсэгчлэн авдаг байх гэрээний зохицуулалтыг шаардаж эхэллээ. Сургуулиуд төлбөр нэмэх шийдвэр гаргахаас дор хаяж 6 сарын өмнө эцэг эхчүүдэд мэдэгдэж, санал авах бөгөөд албан бус нэмэлт төлбөр, хандив авахыг бүрмөсөн хориглосон байна.

Энэ хичээлийн жилд хувийн сургуулиудын төлбөр дунджаар 10-40 гаруй хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд үүнд хэд хэдэн бодит хүчин зүйл нөлөөлжээ. Үнийн өсөлтөд инфляц болон сургуулийн үйл ажиллагааны урсгал зардлын нэмэгдэл голлон нөлөөлж буй.  

Сургуулиудын төлбөрийн мэдээллийг авч үзвэл,

  •   "International School of Ulaanbaatar" сургуулийн төлбөр өмнөх оныхоос 10 орчим сая төгрөгөөр өсөж, нийт зардал нь 130-160 сая төгрөгт хүрсэн байна. Тус сургууль нь Олон улсын бакалаврын хөтөлбөртэй сургууль. Бүх хичээл англи хэлээр явагддаг. Сурагчдынх нь 60 хувь нь гадаад хүүхдүүд. Монгол хүүхдүүд 150 ам.доллар төлж хүлээлэгт бүртгүүлдэг байна. 
  • "British School of Ulaanbaatar" төлбөрөө өмнөх түвшинд хадгалж, бага анги нь 37.7 сая, ахлах анги нь 66.9-72.2 сая төгрөг 
  •          "American School of Ulaanbaatar" сургуулийн төлбөр 25 сая төгрөгөөс эхэлж байна.
  •       Харин "Дойче Шуле" сургууль төлбөрөө 50-56 хувиар нэмэх шийдвэр гаргасан нь эцэг эхчүүдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. 
  •       Үүнээс гадна "Логарифм" сургуулийн 1-р ангийн төлбөр 41 хувиар өсөж 13.9 сая төгрөг болсон бол "Сант" сургуулийн төлбөр 4 сая төгрөгөөр нэмэгджээ. 
  •       Шинэ Монгол сургуулийн нэгдүгээр ангийн сургалтын төлбөр 6,9 сая төгрөг юм. Тус сургуулийн анги дүүргэлт бага сургууль 25, дунд сургууль 30, ахлах сургууль 35 хүүхэдтэй суралцдаг байна.  
  •           Хобби сургуулийн төлбөр 17.250.000 төгрөг бөгөөд сургуулийн бүртгэл тухайн хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа дууссаны дараа вэбсайт дээр зарлагддаг байна. Тус сургууль нь олон улсын AP сургалтын хөтөлбөр болон англи, монгол хэлний хос хөтөлбөрийг Монголдоо анхлан нэвтрүүлжээ. 
  •    Tomujin сургуулийн төлбөр анги хамаарахгүйгээр 29.9 сая төгрөгийн төлбөртэй. Сурагчдын сурлагын чанар, гэр бүлийн байдлаас хамаарч сургалтын төлбөрийг 100 хувь хүртэл хөнгөлдөг байна. 

Шинэ зохицуулалтууд хэрэгжиж эхэлснээр хувийн сургуулиудын төлбөр тогтоох үйл явц илүү ил тод болж, эцэг эхчүүдэд ирэх гэнэтийн санхүүгийн дарамт багасах хүлээлттэй байна. Цаашид сургалтын чанар болон төлбөрийн тэнцвэртэй байдлыг хадгалах, гэрээний үүргийн биелэлтийг хянах тал дээр салбарын яам болон эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.