МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпийн хороотой санамж бичиг байгууллаа

"Миат" ТӨХК болон Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ) хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид болон арын албаны ажилтнуудыг дэмжиж, тив, дэлхийн өндөр зэрэглэлийн тэмцээн уралдаан, олимпын наадамд оролцоход нь хамтран ажиллахаар болсон байна.

291e69facc314216948348778d396f82

Хамтын ажиллагааны хүрээнд "Миат" компанийн зүгээс Монгол Улсыг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох тамирчдад нислэг үйлдэхэд нь тодорхой хэмжээний хөнгөлөлт, урамшуулал олгох юм. Нөгөө талдаа үндэсний шигшээ багийн тамирчид болон олимпын хорооны албан хаагчид "Миат" компанийг сонгон үйлчлүүлж, олон улсын тавцанд эх орноо төлөөлөхдөө үндэсний агаарын тээвэрлэгчээ гадаад улсад сурталчлан таниулах үүрэг хүлээж байна.

Энэхүү гэрээ нь ерөнхий хүрээний хамтын ажиллагаа бөгөөд тамирчдын тэмцээн уралдааны хуваарь, бүрэлдэхүүнээс хамааран уян хатан зохицуулагдах аж. Олимпын хороо болон спортын холбоодтой нягт хамтран ажилласнаар нислэгүүдийн суудлыг эртнээс захиалах боломж бүрдэнэ. Түүнчлэн шигшээ багт багтаагүй ч гэр бүл, хувийн зардлаараа Азийн наадам зэрэг томоохон тэмцээнийг зорьж буй тамирчдад тулгардаг нислэгийн суудлын асуудлыг шийдвэрлэхэд "Миат" компани онцгойлон дэмжлэг үзүүлж, суудал гаргахад туслахаар тохиролцжээ.

МҮОХ-ны удирдлагын зүгээс тамирчдаа бүх талаар дэмжих нь тэдний хамгийн гол зорилго бөгөөд Олон улсын олимпын хорооноос ч тамирчдыг бүх зүйлийн төвд тавихыг чухалчилдаг болохыг онцоллоо. Тамирчдын тэмцээнд оролцох хуваарь, нислэг, тамирчдын тосгонд байрлах зэрэг бүхий л зохион байгуулалтыг олимпын хорооны ажлын алба хариуцдаг тул үндэсний агаарын тээвэрлэгчтэй хамтрах нь стратегийн өндөр ач холбогдолтой юм. Өмнө нь цар тахлын хүнд үед Бээжингийн өвлийн олимп болон бусад наадмуудад үндэсний агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллаж, тамирчдаа тэмцээнд нь саадгүй оролцуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаагийн хамтын ажиллагаа ч тамирчдад томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.