УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү /2026.09.03/ бараалхав.
Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэхэд Монгол Улсын Их Хурал болон Япон Улсын Парламент хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглээд парламент хоорондын харилцан айлчлал, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг тогтмолжуулж, шинэ шатанд гаргаж ажиллахад санал нэгдлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархлаа илэрхийлсэн.
Тэрбээр, Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа агаарын тээврийг либерчлах бодлогын ажлыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2023 онд иргэний нисэхийн зорчигч тээврийн урсгал, шууд нислэгийн давтамж 3-4 дахин нэмэгдэж, мөн тийзний үнэ гурав дахин буурсан гэв.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар зорчигчдын тоо 2022 онд 600 мянга байсан бол 2025 онд дөрөв дахин нэмэгдсэн. Энэ энэ хэрээр ачаалал нэмэгдэж байна. Иймд дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх буудал руу шилжүүлж, 60 мянган монгол иргэдийг илүү бага зардлаар, зорьсон газар нь шуурхай хүргэхэд анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүслээ.

Мөн Монгол Улс, Япон Улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн чухал багана болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх нь чухал ач холбогдолтойг Улсын Их Хурлын дарга дурдаад 2015 онд Япон Улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын 5700 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тус улсын зах зээлд татваргүй гарах нөхцөл бүрдсэн хэдий ч тодорхой саад бэрхшээлтэй тулгарч, экспорт 2015 оны түвшнээс буурсныг хөндөв. Тиймээс цаашид гадаад худалдааны тэнцвэрт байдлыг бий болгоход хамтын оролцоо, хүчин чармайлт чухал байгааг яриандаа онцоллоо.

Эрхэмсэг ноён Мотэги Тошимицү Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод бараалхах завшаан тохиосонд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс, Япон Улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлээд Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, зарчмын тохиролцоонд хүрснийг дуулгав.

Мөн Улсын Их Хурлын даргын тавьсан дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх буудал руу шилжүүлэх, Япон Улсад богино хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх саналыг судлан, онцгой анхаарал тавьж ажиллахаа илэрхийллээ. Улмаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Япон Улс шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.