Хятадын шүд, амны хөндийн анагаах ухааны “цахиурын хөндий" Сичуаны Чэндү хотод байдаг

Хятадын шүд, амны хөндийн анагаах ухааны “цахиурын хөндий" Сичуаны Чэндү хотод байдаг

Хятад улсын Сычуаны Их сургуулийн Хуаши амны хөндийн музей, шүдний төв эмнэлэгтэй Хятад, Монголын сэтгүүлчдийн төлөөлөл танилцаж, мэдээлэл авлаа. Хуаши эмнэлэг нь  Хятадын орчин үеийн амны хөндийн анагаах ухааны үүсэл хөгжлийн гол төв бөгөөд шүдний эмнэлгийн салбарын анхдагч, "өлгий нутаг" гэгддэг, дэлхийн их дээд сургуулийн хичээл, мэргэжлийн зэрэглэлийн бүртгэлд Хятадын эх газрын Их дээд сургуулиудын дунд нэгдүгээрт бичигдсэн, "Шүдний цахиурын хөндийн төв" гэж хэлж болох анх удаа дэлхийн шилдэг 10-т багтсан шүдний музей, сургалтын төв бүхий цогцолбор аж. 

1907 онд Канадын шүдний эмч, доктор Эшли Линдсей Сычуанд ирж, шүдний эмнэлэг нээж, хятад иргэдэд шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлж эхэлсэн үеэс Хуаши амны хөндийн анагаах эмнэлгийн эх суурь тавигджээ. Үүнээс өмнө Хятадын Тан улсын үед ноёд язгууртнууд нь алтан чигчлүүр хэрэглэдэг байснаас гадна шүдээ шигтгээгээр гоёж бэл бэнчин, зэрэг зиндаагаа илэрхийлдэг байсан зэрэг архитектурын олдвор, судалгаанд үндэслэн эмнэлгийнхээ дэргэд гурван давхар музей байгуулсан нь Дундад иргэн улс төдийгүй хүн төрөлхтний амны хөндийн анагаах ухааны үүх түүх, үүсэл гарлыг өгүүлэх ажээ. Музей нь нэн эртний хүмүүсийн шүд, амны хөндийн эрүүл мэнд, эмчилгээндээ хэрэглэж байсан тоног төхөөрөмж, эдлэл хэрэглэл, бүртгэл судалгаа зэрэг нийт 3000 орчим үзвэрийг багтаасан нь сонирхолтой. 

Хуашин амны хөндийн төвийн тухайд эмч мэргэжлээр суралцаж байгаа оюутан, аспирант нарт зориулсан сургалт, судалгаа дадлагыг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжинд тулгуурлан явуулах боломжоор хангасан сургалт, судалгааны цогцолбор эмнэлэг бөгөөд дэлхийд эрэмбээрээ 10-т бичигдэж байгаа гэв.

 Шүдний музейн үзвэрийн хувьд эртний Маяа овгийнхоны шүдэндээ суулгаж байсан эрдэнийн чулууны тухай зурагт мэдээлэл, 1985 онд олдсон эртний Хятадын Тан улсын үед хэрэглэж байсан, адууны дэл сүүлээр хийсэн шүдний модон сойз тэргүүтэй шүдээ арчлах, угаах, эмчлэхтэй холбоотой олон олдвор, үзвэр, бичвэр цаг үеийн олон үзвэрийг дэлгэн харуулжээ. Хуаши шүдний эмнэлгийг үүсгэн байгуулсан, хятад улсад орчин үеийн шүдний эмнэлэг, сургалтын эхлэлийг тавьсан эмч Эшли Линдсэйтай холбоотой, түүний эмчилгээнд хэрэглэж байсан багаж хэрэгсэл, сандал, эмчилгээтэй холбоотой мэдээлэл, сургалт явуулж эмч бэлтгэж байсан баримтууд, шүдний эмгэг өвчний талаарх судалгаа, дүгнэлт, бүртгэлийг агуулсан баримтуудыг мөн үзүүлжээ. 

Хуанши шүдний боловсролын төв  5 давхар 8400м2 талбай бүхий өөрийн байртай бөгөөд шүдний эмчээр суралцаж бакалаврын боловсрол эзэмшиж байгаа оюутан залуусыг сургах, мэргэжлээрээ ажиллаж байгаа шүдний эмч нарыг илүү мэргэшүүлэх, мэс ажилбар хийж сургах чиглэлд дадлагажуулахдаа техник технологийн дэвшилд тулгуурлан бүтээсэн, яг бодитойгоор хүний шүдийг эмчилж байгаа мэт ажилладаг төхөөрөмжүүдийг өөрсдийн судалгаанд тулгуурлан бүтээж ашигладаг байна.

Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчид тус төв дээр сурвалжлага хийхээр ажиллахдаа дээрх тоног төхөөрөмжийн хойно сууж, шүд өрөмдөх, эмчлэх зэрэг дадлыг өөрсдөө хийж, технологийн дэвшлийн ололтыг биечлэн үзлээ..

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.