Х.Ганхуяг: Намайг “MCS-ийн хүн”, “MCS-ийн захиалгаар ажилладаг” гэж мэдэгдэж байгаа бол үүнийгээ баримтаар нотлохыг хүсье
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хотын дарга асан Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг MCS-ийн хүн, тэдний захиалгаар ажилладаг гэх утга бүхий мэдээллийг хийсэн. Тэгвэл энэ талаар Х.Ганхуяг хэлэхдээ, “намайг “MCS-ийн хүн”, “MCS-ийн захиалгаар ажилладаг” гэж мэдэгдэж байгаа бол үүнийгээ баримтаар нотлохыг хүсье ‼
23 жилийн өмнөөс хувийн хэвшилд ажиллаж, бизнес эрхэлж, олон мянган ажлын байр бий болгож, тэр хэмжээгээр улсад татвар төлж ирсэн ч өнөөдөр утгагүй улстөрийн маргаан дотор хэн нэгний хөлсний хүн гэж нэрлэгдэв.
Олон жилийн хөдөлмөрөөр төлсөн татварыг дарга анги хулгайлдагт би эгдүүцдэг. Миний болоод надтай хамаарал бүхий компанид өгсөн тендер, төрийн шийдвэр, сонгон шалгаруулалт байвал баримттай нь ярихыг хүсье. Талцал, хуваагдалд гацсан УИХ-ыг тараах санаачилга гаргаж ард түмнээсээ асууя гэж хэлсэндээ би буруудав уу?
Улсын төсвөө хэлэлцэх хуралдаанд ирц нь бүрдэхгүй хэд хоног хойшилдог хэр нь улстөрийн томилгоо хэн нэг талын эрх ашигт нийцэх юм болохоор чуулган хуралддаг болсон.
Ажлаа хийж чадахгүй УИХ нийгэмд бухимдал нэмсээр байвал асуудлыг зөвхөн улс төрийн хүрээнд үлдээх бус, ард түмний оролцоотой шийдье гэдэг нь ардчилсан нийгэмд байх ёстой зарчим.
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж бид эртнээс хэлж ирсэн. Энэ зарчмаар өнөөдөр улс төрд өөрийн итгэл үнэмшил, үзэл бодол, хариуцлагаараа явж байна. Би хэний ч хөтөлсөн замаар биш, өөрийн сонгосон замаар явж, Хэн нэгний сүүдрийг түшилгүй эгэл амьдралаас энд хүрлээ.
Хоёр жилийн хугацаанд гурван Засгийн газрын нүүр үзэж байгаа Монгол Улс өнөөдөр шатахууны хомсдол, оочер дугаар, үнийн өсөлт, татварын ачаалал, цахилгааны тасалдал, замын түгжрэл, утаа, авлига, улс төрийн хэрүүл талцал гээд түмэн асуудлын дунд байна.
Иргэдийн өдөр тутмын амьдралд шийдлээ хүлээсэн асуудал мундахгүй байхад төрийн эрх барьж байгаа хүмүүс нь хэн нь хэнийгээ буруутгах вэ, хэн нь хэнтэйгээ талцах вэ гэдэг улс төрөөр, улсаа хорлож байна. Тиймээс талцаж хуваагдахаа хойш тавиад, ажлаа хийцгээе” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.