Канад улсад суралцаж байгаа Хотын дарга асан Х.Нямбаатарыг АТГ-аас яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж байна

Канад улсад суралцаж байгаа Хотын  дарга асан Х.Нямбаатарыг АТГ-аас  яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж байна

АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах албан ёсны саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар шалгаж эхэлжээ.

Энэхүү эрүүгийн хэрэг нь нийт 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий “Туулын хурдны зам төсөл” болон “Тойрог зам 1, 2” төслүүдтэй холбогдож байгаа юм.

Дээрх нүсэр бүтээн байгуулалтын ажлыг одоогийн хотын дарга Б.Пүрэвдагва албан ёсоор зогсоох шийдвэр гаргаад байгаа билээ. Х.Нямбаатар нь хотын даргаар ажиллаж байхдаа буюу 2026 оны дөрөвдүгээр сард уг төслийн гүйцэтгэгч компанид олгосон 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг олон нийтийн өмнө идэвхтэй өмгөөлж байсан нь хууль хяналтынхны анхаарлыг татах гол үндэслэл болжээ.

Хэргийн хүрээ үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд түүний удирдлага дор ажиллаж байсан орлогч дарга Т.Даваадалайг мөн оны дөрөвдүгээр сард баривчлан саатуулсан байдаг. Т.Даваадалайг дээрх дэд бүтцийн төслүүдээс өөрийн эхнэрийн нэр дээрх компаниар дамжуулан 6.6 тэрбум төгрөгийн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа нь 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр иргэдээс гаргасан нийслэлийн “хаалттай, үр ашиггүй” төсвийн зарцуулалтад аудит хийлгэх тухай албан ёсны гомдлын дагуу эрчимжсэн байна.

Хууль хяналтын байгууллагын шийдвэрийн хариуд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан нэлээд шуугиан тарьсан мэдэгдэл хийсэн юм. Тэрээр өөрийгөө буруугүй хэмээн хамгаалж, уг эрүүгийн хэргийг бизнесийн томоохон бүлэглэлүүдийн зүгээс зохион байгуулсан улс төрийн явуулга хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн өөрийнх нь албан тушаалаас чөлөөлөгдсөн явдлыг одоогийн Ерөнхий сайд Н.Учрал болон бусад нөлөө бүхий улс төрчдийн зүгээс хийсэн зохион байгуулалттай ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Хотын дарга асан Х.Нямбаатар нь одоогоор эх орондоо байхгүй байгаа бөгөөд Канад улсад суралцаж байгаа гэх мэдээлэл бий. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.