УИХ-ын гишүүд 2027 оны төсвийн төслийг иргэдэд танилцуулж, санал авч байна
Улсын Их Хурлын гишүүд энэ долоо хоногт орон нутагт ажиллаж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг иргэд, олон нийтэд танилцуулж байна.
Энэ хүрээнд орон нутагт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, төсвийн төсөлтэй холбоотой иргэдийн санал, орон нутгийн хөгжлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийн талаар санал авч байгаа юм.
УИХ 2025 оны долдугаар сарын 9-нд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тухайн жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцэх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.

Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Улсын Их Хурал төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно” гэж заасан байдаг.
Иймд орон нутагт зохион байгуулж буй эдгээр уулзалт, хэлэлцүүлэг нь 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт олон нийтийн оролцоог хангах хүрээнд хэрэгжиж байна.
Иргэдээс ирүүлсэн санал, орон нутгийн хөгжлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг нэгтгэн төсвийн төсөлд тусгахын зэрэгцээ төсвийн үйл явцын ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд уг хэлэлцүүлгүүд чиглэж байгааг УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.