126 гишүүний санал хураалт, ХОМ-ийг нээлттэй болголоо
УИХ-ын дарга С.Бямбацогт “Нээлттэй Парламент”-ын цахим платформын шинэчлэлийн талаар мэдээлэл өгч байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Энэ зуны туршид манай Их Хурлын Тамгын газрынхан цахим хуудсаа шинэчлэх, нээлттэй болгох ажлыг хийсэн. Энэ бол дэлхийн парламентуудын хамгийн шилдэг, хамгийн сайн нээлттэй цахим хуудасны нэг болсон гэж би ам бардам хэлж чадна. УИХ-ын хуучин цахим хуудас зөвхөн мэдээ тавьдаг байсан. Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой, УИХ-ын гишүүдийн хийж байгаа ажилтай холбоотой мэдээнүүд тавигддаг, иргэд маань мэдээлэл авдаг байсан. Одоо тэгвэл маш олон цэстэй болсон. Үүгээрээ үндсэндээ цахим хуудас маань иргэнтэй амьд харилцаатай, иргэдийн оролцоотой, иргэдийн хяналтад, хуулиар ил байж болох бүхий л мэдээллүүдийг ил болгосон нь онцлогтой.
НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ: ИРГЭД ГИШҮҮДТЭЙГЭЭ ШУУД ХАРИЛЦАНА
УИХ-д байгаа бүхий л мэдээллүүд, УИХ-ын гишүүнд байгаа хуулиар нээлттэй байх бүхий л мэдээллүүд бүгд шинэчлэгдсэн платформ дотор тавигдсан. Иргэд олон нийт танилцах боломжтой болсон.
УИХ-ын 126 гишүүний бүх мэдээлэл энд нээлттэй байгаа. Тухайлбал, Ж.Алдаржавхлан гишүүн дээр ороод үзэхэд ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй, хаана, яаж ажиллаж байсан, УИХ-ын аль Байнгын хороонд харьяалагдаж байгаа, энэ бүх мэдээлэл байна. Товч намтар, тайлан, гишүүний ирц, санал хураалт, асуулт, асуулга, санаачилсан хуулийн төслүүд, ямар үг хэлсэн, ХОМ, сонгогдсон тойрог гээд бүх мэдээлэл дотор нь байгаа.
Сонгогдсон тойрог руу нь ороод үзэх юм бол Ж.Алдаржавхлан гишүүн МАН-аас сонгогдсон юм байна, 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт сонгогдсон байна, гурван мандаттай тойргоос сонгогдсон байна гэх мэтээр бүх мэдээлэл харагдана.
Гишүүний ирцийг үзэх юм бол чуулганы хуралдаандаа цагтаа ирсэн 67, хоцорсон 51, чөлөөтэй дөрөв, тасалсан найм, нийт 145 хуралдаанд ийм байдлаар оролцсон байна гэсэн мэдээлэл харагдана. Хэзээ хоцорсон нь бас харагдана. Тасалсан хуралдаан нь ч мөн харагдана. УИХ 145 удаа хуралдсан байна. Дундаж ирц 79 хувьтай. Хамгийн сайн ирцтэй нам гэх юм бол ХҮН нам хамгийн сайн ирцтэй байна. Ирцээр нь нам, эвслийн нийт ирцийг харах боломжтой. Үүнийг гишүүдээр задлах юм бол хамгийн ирц сайтай гишүүн бол А.Ариунзаяа гишүүн байна, дараа нь Ж.Батжаргал гишүүн байна.
Хамгийн их гадаад томилолттой гишүүд гэх юм бол хэн, хэн гадаад томилолтоор явсан бэ гэдэг нь ийм байдлаар харагдана. Иймэрхүү байдлаар та бүхэн хүссэн хэлбэрээрээ гишүүдийн ирцийг авах боломжтой болсон.
126 ГИШҮҮНИЙ САНАЛ ХУРААЛТ, ХОМ-ИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО
Энд бас Их Хурлын гишүүдийн ХОМ-ийг ил болгосон. Жишээ нь Ж.Алдаржавхлан гишүүний хөрөнгийг цааш нь дэлгэрүүлж харах юм бол 2021 онд ямар хөрөнгөтэй байсан, 2022 онд яаж өөрчлөгдсөн, 2025 онд ямар хөрөнгөтэй болсон, бүх мэдээлэл нь нээлттэй. Орлого нь ийм байсан, машин гэх юм бол ийм машинтай байсан, сүүлд машингүй болсон байна гэх мэтээр мэдээллүүдийг нээлттэй болгох боломжтой болсон.
Дараагийн асуудал хуралдааны товууд. Энд үндсэндээ Байнгын хороо, чуулган, дэд хороо, ажлын хэсэг, намын бүлэг гээд бүх хуралдаан хэзээ, яаж хуралдсан мэдээллүүд байгаа. Мөн хуралдахаар товлогдсон бүх хурлуудын мэдээллийг та бүхэн хараад, хэзээ ямар хурал болох вэ гэдгийг эндээс мэдээлэл авах боломжтой.
ХУУЛИЙН “ХУВИЙН ХЭРЭГ”-ЭЭС ГИШҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ, ХИЙСЭН ҮЙЛДЛИЙГ ХЯНАХ БОЛОМЖТОЙ
Ямар ямар хуулийг хэзээ, хэн өргөн барив, анхны хэлэлцүүлэг хэрхэн явагдав, ямар ажлын хэсэг байгуулагдав, анхны хэлэлцүүлгээр юу яригдав, санал хураалтаар яаж батлагдав гэдэг бүх асуудал бүх хуулийн хувьд орсон байгаа. Эндээс хуулийн хувийн хэрэгтэй танилцаад гишүүд маань Байнгын хороон дээр үгээ хэлэхдээ, саналаа гаргахдаа, санал хураалгахдаа яг үнэхээр ярьж байгаа, хэлж байгаатайгаа адилхан байж чадсан уу, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг хоёр нь адилхан байна уу, үгүй юу гэдгийг энэ хуулийн хувийн хэргээс харах боломжтой болсон.
Хуралдааны тэмдэглэл дээр бүх хуралдааны дэлгэрэнгүй болон тойм тэмдэглэлүүдийг бүгдийг нь оруулсан. Хэлсэн үгнүүдийг бүгдийг нь оруулсан. Энэ дэлгэрэнгүй тэмдэглэл дээрээс ямар хуралдаан дээр хэн ямар үг ярив, ямар асуулт асуув, бүхий л процесс, бүх мэдээлэл нээлттэй.
Асуулт, асуулга бол УИХ-ын бас нэг том үүрэг. УИХ хууль тогтоодог, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг, ард түмнийг төлөөлдөг гэсэн үндсэн гурван бүрэн эрхтэй. Түүний нэг нь хяналт шалгалт. Хяналт шалгалтын дээд хэлбэр нь асуулга, асуулт, сонсгол байдаг.
Одоогийн байдлаар нийтдээ энэ Их Хурлын хугацаанд 254 асуулт тавигдсан, 79 асуулга тавигдсан байна. Хариулсан нь 141, хариулаагүй нь 113. УИХ-ын асуулгын цаг 109 цаг хуралдсан байна. Асуулга тавьсан гишүүдийн мэдээллийг эндээс асуулга тавьсан байдлаар нь харах бүрэн боломжтой.
Жишээ нь Ерөнхий сайд төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийн талаар ийм асуулга тавьсан байна. Энд одоогоор хариулаагүй байна. Ийм байдлаар бүгдийг харах боломжтой.Мөн хууль тогтоомжийн үнэлгээ гэсэн цэс рүү ороод үзэх юм бол Монгол Улс 938, 940 хуультай гэж ярьдаг. Тэнд томилгоотой холбоотой хууль, хүчингүй болсон хууль ордог. Үүнээс хасаад өнөөдөр нийгмийн харилцааг зохицуулж байгаа, байнгын давтагдах харилцааг зохицуулдаг 346 хууль байна. Үүнээс үнэлгээ хийх хугацаа болоогүй нийт 49 хууль байна. Үнэлгээ хийх шаардлагатай 297 хууль байна. Үнэлгээ хийгдсэн нь 164, үнэлгээ хийгдээгүй нь 108, үнэлгээ хийгдэж байгаа нь 25 байна.
Үнэлгээ хийж байна гэдэг маань үндсэндээ энэ хууль батлагдаад амьдралд нийцэж байна уу, нийцэхгүй байна уу, нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлж алхаж чадаж байна уу, чадахгүй байна уу, хоцрогдож уу гэдэг асуудлыг харна. Үүний дараа шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт хийдэг, шаардлагатай бол хүчингүй болгодог. Тийм учраас үнэлгээгээ хийдэг. Энэ үнэлгээг хийх үүрэг нь Засгийн газарт байдаг. Хууль зүй, дотоод хэргийн яам үндсэндээ үнэлгээ хийх үүрэгтэй хуулиудынхаа 57 хувьд үнэлгээ хийсэн байна. Сангийн яам хариуцсан 34 хуулийнхаа 20 хувьд нь үнэлгээ хийсэн, бусад нь үнэлгээ хийгээгүй байна. Хүнс, хөдөө аж ахуйн яам 21 хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэгжүүлж байгаа хуулийнхаа 30 хувьд нь үнэлгээ хийсэн байна гэх мэтээр харагдаж байгаа.
Тийм болохоор цаашдаа энэ хуулийн хэрэгжилт, үр дагаврын үнэлгээг хууль санаачилж байгаа субъектүүд энэ тайланд тусгагдсан үнэлгээг хэр зэрэг ашигласан бэ, хэр зэрэг энэ асуудлыг шийдэхийг оролдсон бэ гэдгээр нь хуулийн төслийн бүрдлийг хангуулахдаа бас шаардлага тавьдаг болох гэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.