Ерөнхий сайд Н.Учралын анхны албан ёсны айлчлал: 158.3 тэрбум иенийн нэн хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа
Ерөнхий сайд Н.Учралын анхны албан ёсны айлчлал: 158.3 тэрбум иенийн нэн хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа
Япон Улсаас Монгол Улсад Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөлд зориулан 158.284 тэрбум иенийн нэн хөнгөлөлттэй зээл олгох зээлийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна.
Уг зээл нь жилийн 1.1 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөх, нийт 40 жилийн хугацаатай байх нөхцөлтэй. Зээлийн хэмжээ нь ойролцоогоор нэг тэрбум ам.доллартай тэнцэж байна.
Зээлийн хөрөнгийг Чингис хаан олон улсын нисэх буудлын зорчигч тээврийн терминал, дагалдах дэд бүтэц болон зорчигч хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулна.
Төслийн хүрээнд нисэх буудлын барилга байгууламжийг нийт 81,900 ам метрээр өргөтгөж, 2034 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Өргөтгөлийн ажил дууссанаар нисэх буудал илүү олон зорчигч, нислэг хүлээн авах боломжтой болохоос гадна Монгол Улсын аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Дашрамд дуулгахад энэ нь Монгол Улс нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авах боломж хумигдахаас өмнө байгуулж буй сүүлийн боломжуудын нэг болж байгаа юм. Учир нь Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч, эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдэхийн хэрээр ийм төрлийн хөнгөлөлттэй санхүүжилтэд тавигдах шалгуур өөрчлөгдөж, цаашид ижил нөхцөлтэй зээл авах боломж хязгаарлагдах төлөвтэй гэв.
Энэхүү зээлийн гэрээ нь Монгол Улсын Засгийн газар, Японы Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-гийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байна.
Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөл нь Монгол, Японы стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжих томоохон төслүүдийн нэг бөгөөд нисэхийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна Улаанбаатар хотын олон улсын тээвэр, логистикийн зангилаа болох боломжийг дэмжих юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.