Дуулиант "Эпштейний сонсгол" маргааш болно
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” буюу АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон. Уг сонсгол маргааш буюу Лхагва гарагт төрийн ордонд болох юм. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар сонсголыг ахална.
Жеффри Эпштейн нь насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулсан хэрэгт холбогдож байсан. 2019 оны 8-р сард шүүх хурлаа хүлээж байхдаа Нью-Йоркийн шоронд амиа хорложээ.
Дэлхий даяар халуун сэдэв болоод байгаа Жеффри Эпштейнд холбогдох материалд Монголын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын тухай дурагдсан. Тодруулбал, Жеффри Эпштейний 3.5 сая хуудас материалыг ил болгосон. Эдгээрт Эпштейн Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж, цаашлаад оффшор бүс байгуулахаар ярилцаж байсан төдийгүй өмнө нь Ц.Элбэгдоржид зөвлөх бүтэц үүсгэн, түүнд өөрийн нөлөө бүхий хүмүүсийг оруулж, бодлогоо тусгахаар ажиллаж байсан баримтууд олдсон гэх мэдээлэл бий.
Drop Site News-ийн мэдээлснээр 2013 онд Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Барак Улаанбаатарт ирж Ц.Элбэгдоржтой уулзахад Эпштейн хөшигний цаанаас оролцож байсан гэдэг. Олон улсын энх тайвны хүрээлэн (IPI)-ээр дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх зөвлөл байгуулагдаж, түүний материалд үндэсний баялгийн сан, Рио Тинтотой харилцааг сайжруулах асуудал яригдсан гэнэ. Lamestream-ийн мэдээлснээр Эпштейн, Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд нар энэ зөвлөлд багтаж байсан ч Радд Эпштейнтэй уулзсан гэдгийг үгүйсгэдэг аж.
Дубайн гэрээний өмнөх морин уралдаан
Б.Баярбаатар гишүүний тавдугаар сард хэлснээр “Дубайн гэрээ байгуулагдахаас нэг жилийн өмнө нэр бүхий улстөрчид Эпштейний зуучлалаар морин уралдаан үзжээ. Тасалбар нь 23 сая төгрөг бөгөөд тэд гэрээтэй холбоотой хүмүүсийн хамт байсан” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Монгол охидыг авч очих, тэдний виз, тэдэнтэй цаг өнгөрөөх тухай бичвэрүүд байгаа гэж хэлж, цагдаагаас шалгахыг шаардсан. Х.Булгантуяа гишүүний танилцуулснаар сүүлийн 5–6 жилд Монголд хүн худалдаалах гэмт хэргийн 92 хохирогч бүртгэгдсэнээс 54 нь хүүхэд байна” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.