Ерөнхийлөгч VS сэтгүүлч: Хуулиар далайлгах биш олон нийтэд бичлэгээ тайлбарлах цаг

Ерөнхийлөгч VS сэтгүүлч: Хуулиар далайлгах биш олон нийтэд бичлэгээ тайлбарлах цаг

Ерөнхийлөгчийн институц, хэвлэл мэдээллийн байгууллага хоёрын дундах асуудал өндөр авлаа. Сэтгүүлч Т.Шинэбаярыг мэргэжлийн бус мэргэжлийн, сайн, муу хүн байхаас үл хамаарч хөндөж буй асуудлыг нь анхаарах ёстой болчхоод байна. Тэр ямар зүйлс ярив гэдгийг нь фокуслан жагсааж хүргэе. 

●     Бага тэнгэрт уулын модыг хяргаж байгаад урдаа нисдэг тэрэг буудаг талбай бүхий харш барьсан,

●     Хотын төвд баригдаж байгаа “Андууд” тауэрийн газрыг хэрхэн авсан бэ, санхүүжилт нь хаанаас гарсан бэ,

●     Тэрэлжид байрлах амралтын газар луугаа татвар төлөгчдийн мөнгөөр цахилгаан татаж буй мэдээллийг би олон жилийн өмнө авсан,

●     Төрсөн дүү нь Улсын Их Хурлын гишүүн /У.Отгонбаяр/, ЖДҮХС-аас тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг хэл ам таталсан,

●     Зээ хүүгийнх нь аав буюу хүргэн асан нь Хотын дарга /Б.Пүрэвдагва/ найман их наядын төсөвтэй хот дээр очсон,

●     Ерөнхийлөгчийн эхнэрийн ах дүү нар хууль хяналтын байгууллагад өндөр албан тушаал хашдаг болсон,

●     У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооныхон төрийн өндөр албан тушаалуудад даргаар суусан гэхчлэн ярив.

 

Товчхондоо, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тансаг орд харш, эдлэн газар, үл хөдлөх хөрөнгүүдийн талаар. Улс төрд ургийн мод ургуулж, улсын бүх эрх мэдэл нэг хүний гарт төвлөрсөн хэтийдлийн талаар хөндөв. Мөн түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон хэвлэл мэдээллийн албанаас дуудаж, бичлэгийг устгахыг шаардаж, заналхийлэл, дарамт үзүүлсэн тухай шөнө дунд лайв хийж мэдэгдээд байгаа юм. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг АТГ-т өгч шалгуулах болсноо зарлаад буй. 

Эдгээр мэдээлэл үнэн, бодитой юу. Юун түрүүнд хууль хяналтын байгууллага ажлаа хийж, тогтоох учиртай. Үнэн бол шударга ёс гэдэг зүйл чухам хаана байна вэ гэдэг асуудал хөндөгдөх нь дараагийн асуудал болох байх.

 Ерөнхийлөгчинхөн зүгээр байсангүй. Хариуд нь өчигдөр /2026.10.08/ ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийж, сэтгүүлч Т.Шинэбаярыг төрийн айлчлалд авч явахыг, нэр бүхий иргэнд “Хөдөлмөрийн баатар” цол тэмдэг олгохыг, редакц байгуулах их хэмжээний мөнгө өгөхийг, Ерөнхийлөгчтэй уулзуулахыг шаардсан гэх агуулгуудыг хэлэв. Түүнийг дөрвөөс таван асуудлаар шантааж хийсэн гэж үзэж, ЦЕГ-т өгч шалгуулах гомдол гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ. 

Гэхдээ энд анхаарч харах учиртай хэд хэдэн агуулга бий. Анх “ерөнхийлөгчийн хаус” гэх бичлэгийг “Херо” Баатар олон нийтэд дэлгэсэн. Жагсаалтын дараа нэг сарын хугацаатай цагдан хоригдов. Өнөөх бичлэгийг сэтгүүлч Т.Шинэбаяр цацсанаар ерөнхийлөгчийн инстутиц эмзэг хандсан гэж ойлгогдож байна. Тэд угтаа хардагдаад байгаа асуудалдаа олон нийтэд бодит хариулт, тайлбар өгөх нь илүү оновчтой. “Херо” Баатарын баривчлагдах үндэслэл болсон бичлэг мөн үү, хэрхэн сэтгүүлч Т.Шинэбаярын гарт очив, мөн түүнийг хуулиар далайлгах шалтгаан болох уу гэхчлэн асуудлууд үүсэж байна. Тэд хэн ч байж болно. Т.Шинэбаяр сайн ч, муу ч сэтгүүлч байж болно. “Херо” Баатар экс Ерөнхийлөгчийн ах мөн ч, биш ч байж болно. Ямартай ч тэд бичлэг дэлгэсэн шүгэл үлээгчид, дуу хоолой юм. 

“Ерөнхийлөгч ерөнхийлөгч болоод л ерөнхийлөгч болчихдог юм билээ” гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ телевизэд ярилцлага өгөхдөө хэлж байсан билээ. Сүүлийн үед ерөнхийлөгчийг бүр “ХААН” гэх болсон гэж шүүмжлэх нь олон болсон. Өнөөдөр энэ улсад хэн хаан заан шиг хүссэнээрээ аашилж чадаж байгаа нь үнэн билээ. Уг нь манай улс парламентын засаглалтай. Парламентын засаглалтай аль ч улсад төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ байдаг болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш!

 

П.БААТАР

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.