Улс төрийн прогноз: 2027 оны сонгуулийн хөшигний цаадах нүүдлүүд

Улс төрийн прогноз: 2027 оны сонгуулийн  хөшигний цаадах нүүдлүүд

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль ер нь яаж өрнөх бол гэж олон хүн сонирхож байна. Уламжлал ёсоор хоёр морины л уралдаан болно гэж олонхи нь ярьж байна. Үнэн л дээ. Гол өрсөлдөөн МАН, АН хоёрын хооронд өрнөнө. Гурав, дөрөв, тав дахь намууд санал хуваана, тохиролцоо хийнэ. Энэ үйл явц аль хэдийн эхэлчихсэн. Тэгвэл хөшигний цаана ямархуу нүүдлүүд өрнөж байгаа, хэн нь ямар байрлал эзлээд буй, хэнд нь ямар боломжууд харагдаж байгаа талаар бяцхан дүгнэлт хийцгээе.

МАН-ЫН НӨХЦӨЛ

МАН дотроо нэг цул биш байгаа нь ирэх сонгуулийн хамгийн том фактор. 2027 онд тэд Ерөнхийлөгчийн суудлаа алдаж тун магадгүй болчихоод байгаа нь бодитой. “МАН л биш шүү” гэсэн сэтгэлзүй ч нийгэмд хүчтэй байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Их тэнгэрт 30 сэтгүүлчтэй уулзахдаа “МАН бол Ерөнхийлөгчийн сонгуульд ялж болохгүй. Улс төрийн баланс алдагдана. Их аюултай” гэж ярьсан гэх. Гэвч энэ нь барилдахгүйгээр тахимаа өгнө гэсэн үг биш. Яг одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдоосоо болоод хамгийн их ацан шалаа, шантааж, хуваагдал, дайсагналын өмнө зогсож буй нам бол МАН.

МАН-ын зовлон бараг шийдэгдэх аргагүй хэмжээний том. Г.Занданшатар, С.Бямбацогт, С.Амарсайхан, Ж.Энхбаяр гэх горилогсод нь өөрсдөө зовлон. Дээр нь Ерөнхийлөгчийн нөлөө, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалангийн тал, 2028 оны намын эрх мэдлийн тооцоо зэрэгцэнэ. Нэгэнд нь нэр дэвших эрх өгөхөд нөгөөдүүл нь өөр нам руу очоод нэр дэвшинэ. МАН-аас нэр дэвшсэн нөхрөө татаж унагана. Тэр нь энэ нь гэхгүй. Бүгд л тийм улс төр хийнэ. Г.Занданшатар хүртэл ИЗНН-тай уулзаж байгаа. Тэр ИЗНН-ээс дэвших гэж биш, “Та нар намайг дэвшүүлэхгүй бол би зүгээр суухгүй шүү” гэж намаа сүрдүүлж байгаа л хэлбэр. С.Амарсайхан ч ялгаагүй. “Үндэсний эвсэл” гэдэг нууц хөзөр гартаа атгачихаад л сууж буй. 

Ер нь 38, 30-ийн тал аль алиныхаа нэр дэвшигчийг хэзээ ч гаргахгүй л гэж үзнэ. Тиймд дундын хувилбар “азын од” шүүрч магадгүй. Тэр нь, С.Бямбацогт. 

АН-ЫН ШААНС

Ард түмэн “МАН л биш шүү” гэж байгаа нь сонголтгүйгээр АН гэсэн үг бас биш. АН-аас сул нэр дэвшигч гарч ирвэл сонгогчид ялгаагүй л “МАН-ын төсөл” л гэж харна. АН-ынхан бодохдоо МАН-ыг ард түмэн сонгохгүй учраас АН-аас хэн ч дэвшсэн гарна гэж “хий хөөрөөд” яваа. Тиймээс Лу.Гантөмөр, Б.Цогтгэрэл нарыг түлхсэн ч ялна гэх маягтай. АН-аас Ерөнхийлөгч гарчихвал юу болох вэ. Хамгийн түрүүнд өшөө авч эхэлнэ шүү дээ. Хэнээс. МАН-аас. Өнгөрсөн хугацаанд өм цөм идсэн бүхнийг нь уудлан, толгой бүхэн дээр шоронгийн түлхүүр эргэлдүүлж эхэлнэ ээ.

Тиймд МАН-ын зүгээс АН-д ялалтыг зүгээр л өгчихгүй гээд байгаа нь ийм учиртай. Хүчтэй нэр дэвшигчийг АН-аас гаргахгүй байх дээр л анхаарна. Бид “АН дотроо тав задархай, МАН ердөө хоёр задархай” гэж бодоод байгаа. Гэтэл яг үнэндээ МАН ч дотроо 10 задархай, АН ч ялгаагүй 10 задархай. Тиймээс энэ дундаас хүчтэй нэр дэвшигч гарч ирэх магадлал 100-ны ердөө 10 хувь.

ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН ШААНТАГ

Шулуухан хэлэхэд, Үндэсний эвсэл буюу Н.Номтойбаярт Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох амбиц байхгүй. Б.Нямтайшир буюу аавыгаа сойно гэж яригдаад байгаа нь огт худлаа. Н.Номтойбаярт ердөө Ерөнхийлөгчийн сонгуулиар шаантаглан МАН-даа буцаж орж, өөрөө ямар нэгэн дарга нь болж байрлал эзлэх л сонирхол бий. Хэрвээ үгүй гэвэл, тэр намаасаа МАН-ын нэр дэвшигчийн саналыг хуваах кандидат гаргаж ирнэ. Үндэсний эвсэлд байхгүй бол МАН-аас “зээлнэ”.

Яг энэ модоороо тэр одоо Н.Учралыг ацан шалаанд байлгаж байгаа. “МАН-д нэгдэх тухай яриа үнэн, гэхдээ хараахан нэгдчихээгүй байна” гэж өөрөө яриад байгаа нь ийм учиртай. Н.Учрал хэрвээ Үндэсний эвслийг намдаа нэгтгэх шийдвэр гаргасан тохиолдолд 30-ийн талд давхар буулт хийнэ гэсэн үг. Удирдах зөвлөл, Бага хурал гээд олон зүйл дээр 30-ийн талын хүчийг зузаатгах болно. Н.Номтойбаярт зориулж МАН-ын тэргүүн дэд дарга ч гэдэг юм уу, албан тушаал шинээр гаргаж өгнө. Эсвэл генсекээ суллаж өгнө.

Энэ бол Н.Учралын хүсэхгүй байгаа сонголт. Хэрвээ тэр саналыг хүлээж авахгүй гэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдах тийзээ захиалчихлаа л гэсэн үг болно. Ийм л юм.

ХҮН-ИЙ ХҮСЭЛ

Энэ намд угаасаа ганцхан л хүсэл бий. Тэр нь МАН-ыг ялуулах. Өөрийн нэр дэвшигчээ ялуулах амбиц энэ намд байхгүй. 2021 онд ч байгаагүй. Д.Энхбат бол өгөөш байсан. Хожим Д.Энхбат үүнийгээ мэдчихээд Т.Доржхандтайгаа эвлэрэхгүйгээр муудалцаад хоёр тийш болсон. ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигчийн саналыг хуваах л хүн олж дэвшүүлэхийг бодно. Өөрөөр хэлбэл, АН-аас квот авч чадаагүй хүмүүст үүдээ нээж өгнө. Намдаа гомдогсод ХҮН-аас ирж нэр дэвшээд, өөрийгөө ч, намаа ч татан унагана. Жишээ нь, энэ хүн нь Лу.Гантөмөр байх магадлалтай.

ИЗНН-ЫН БОЛОМЖ

Тэгвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн том мод барьчихаад, түүнийгээ ч мэдэхгүй маанаг царайлаад сууж байгаа нам бол ИЗНН. Байрлалын хувьд ёстой алтан боломж атгачихаад байгаагаа мэддэг ч юм уу, мэддэггүй ч юм уу даа, зайлуул. ИЗНН-ын дарга Б.Батбаатарт олон боломж, тоглолтын олон хувилбарууд бий. Хамгийн муу хувилбар нь МАН-аас “цалин” аваад, өөрөө нэр дэвших. Тэгээд АН-д сайхан шаврын хаалт болж өгөөд, өөрөө нэг түр зуурын эрх ашгаа хангаснаар тоглолт өндөрлөнө. 2028 онд карьер нь ерөнхийдөө төгсөнө.

Гэтэл хэрвээ зөв, уран тоглож чадах юм бол ИЗНН-аас Ерөнхийлөгч ч тодорчихож болох нөхцөл байдал, боломж түүнд байгаа. МАН дотроо хагарчихсан, хэн ч нэр дэвшсэн нөгөө фракц нь нэгнийхээ эсрэг ажиллана. АН ч ялгаагүй. Яг МАН-тай ижил нөхцөлд байгаагийн зэрэгцээ нэмээд МАН нь тэдний нэр дэвшигчийг гаргахгүй гэж үзэж тарна. ХҮН болон Үндэсний эвсэл хоёр том намдаа хүч хавсарч, талаа сонгоод нанчилдана. ХҮН, Үндэсний эвсэл хоёрт дараагийн Ерөнхийлөгч “төрүүлэх” амбиц жинхэнээсээ байхгүй.

Харин нөгөө дөрөв нь хоорондоо үзэж тарж байх завсар ИЗНН голоор нь “хар муур” шиг гүйчихэж болох азын шоо харагдаад л байгаа юм даа. Л.Гүндалай, Лу.Болд, Ж.Батзандан зэрэг “хулхины тоглоомчдыг” нэр дэвшүүлчихгүй л бол шүү дээ. Ард түмний дунд хүлээн зөвшөөрөгдсөн, хүлээлтэд нь нийцсэн, үнэхээр чамин ганган нэр дэвшигчийг олоод, МАН-тай нь, АН-тай нь хөнжил гудас хуваалцахгүйхэн шиг орчихвол дараагийн Ерөнхийлөгч ИЗНН-аас төрөхгүй гэх газаргүй.

Энэ хэсэгт хэдүүлээ жаахаан тооцоо бодъё. Ирэх жилийн сонгууль ямар ч тохиолдолд хоёр шатны сонгууль болно. МАН, АН, ИЗНН, ХҮН, Үндэсний эвслийн хэн нь ч 50+1 санал авч чадахгүй. Ингээд хоёр дахь шатанд МАН, АН хоёр гарч ирэх магадлал бага. Яагаад гэвэл, аль нэгнийх нь санал 2-т хуваагдчихсан байх болно гэдгийг санах хэрэгтэй.

Энэ тохиолдол хуваагдаагүй саналтайгаар ИЗНН аль нэгэнтэй нь хоёрдугаар шатанд үлдэнэ. Харин хоёр дахь шатанд 2017 оны сонгуульд болсон шиг үйл явц болно. Ялагдсан МАН-ын, эсвэл АН-ын нэр дэвшигчийн санал ИЗНН дээр нэмэгдэж орж ирнэ. Ингээд л жинхэнэ утгаараа “Upset” гарна. Хэвтэн цохио мэхээр хоёр том намыг хамгийн жижиг нам “нам” цохино. 

Даанч унхиагүй гар чадахгүй л дээ...

Д.Дамдинжав

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.