Гоё дээлний цаадах гадаад бодлогын “муу дүн”

Гоё дээлний цаадах гадаад бодлогын “муу дүн”
Мэдээг сонсох
0:00
--:--

-Гадаад бодлогын сайдын өмнө тавигдах асуултууд: Шатахуун, иргэдийн зорчих эрх, улсын сурталчилгаанаас эхлээд илүү тодорхой хариуцлага нэхэх цаг болжээ-

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших эмэгтэй кандидат хувилбарт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бичигдсээр ирэв. “Түүнээс өөр хүн алга” гэж бичүүлэх амбиц өндөр байлаа. Эрчүүдийн нэрс дунд нэр нь дандаа бичигдэж ирсэн. Сүүлийн үед харин цөөрчээ. Сунгаанаас ухарсных уу, Ерөнхийлөгчийн тааллаас хасагдсаных уу. Ямартай ч, Гадаад харилцааны сайдаар ажиллахдаа хувийн амбицаа хэзээд ч орхиогүй сайд Б.Батцэцэг эл албан тушаалаа гишгүүр болгон ашигласаар яваа билээ. Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй бол урагш давхина. Таалалд нийцэхгүй бол арагш “инчдүүлнэ”. Угтаа тэр Ерөнхийлөгчтэй бүр "Хадгаламж" банкны мөнгөөр мөрийтэй тоглосон гэх үеэс хойш холбоотой. Аль ч Засгийн газар ажилласан, улсынхаа гадаад бодлогын бүх бэлгэ тэмдгийг Төрийн тэргүүн рүү нааж ажилласан. Гэхдээ энэ их хичээл зүтгэлийн зорилго бол Ерөнхийлөгчид нэр дэвших “добра”-г Ерөнхийлөгчөөс авах гэж хураангуйлж болно. Харамсалтай нь, ёс зүйн хувьд Ерөнхийлөгчийн суудлыг мөрөөдөх ч эрхгүй нэгэн.

Яагаад гэдгийг хэд хэдэн агуулгаар харуулъя.

-Шатахууны асуудал ГХЯ тэр дундаа Б.Батцэцэг сайдад хамгийн их хамаатай ч хуруугаа ч хөдөлгөсөнгүй-

Нэгдүгээрт: Нефть, шатахууны асуудлыг зөвхөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам тэр дундаа “Савсгануур” Г.Дамдиннямд даатгачхаад хэдэн сар “нусаа хацартаа нааж” сууцгаана, бид. Сүүлдээ БОУАӨ-ийн Дэд сайд Б.Мөнхтамирыг сэлгэн томилж, Ерөнхийлөгчийн найз гэгддэг Д.Алтанцэцэгийн долоон жил “ухнатаж” байгаа нефтийн үйлдвэрийг дуусгаад, шатахуун олж ирэх хүнд алба даатгаж орхив. МАН-ын ах нар нь залуу кандидатынхаа хүзүүнд олс уячихлаа. Олж ирэхгүй бол нүднэ, балбана, харлуулна. Гэтэл шатахуун олж ирэх асуудал Монгол Улсын гадаад харилцаанд хамаарах асуудал.

Шатахууны тогтвортой нийлүүлэлтийг хангах, хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах чиглэлээр хийгдэж буй гадаад улсуудтай хийх дипломат хэлэлцээрүүд болон Засгийн газар хоорондын комиссын уулзалтуудыг Гадаад харилцааны сайд ахалж, шууд оролцож зохицуулах учиртай. Товчхондоо, Гадаад харилцааны сайд нь гадаад эх үүсвэрийг баталгаажуулах, дипломат шугамаар асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцдог. Гэтэл манай гоё дээлтэй сайдын хувьд Монгол Улсын гадаад харилцаа дээл шиг нь гоё бөгөөд болж бүтэж байгаа.

Нефтийн нийлүүлэлт, хангамжийн тухайд салбарын бодлого, дотоодын хангамж, импортын тусгай зөвшөөрөл зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газар үндсэн чиг үүргийнхээ дагуу хариуцдаг.

Энд нэг яам, нэг сайдыг бүх асуудлын буруутан болгох тухай биш. Харин шатахууны хомсдол үүсэх үед төрийн байгууллагуудын уялдаа холбоо хэр ажилласан, дипломат шугамаар ямар боломж ашигласан, цаашид ийм эрсдэлийг бууруулах ямар төлөвлөгөөтэй байгаа вэ гэдгийг тодруулах тухай юм.

-Л.Оюун-Эрдэнийн танхимд байснаараа Ч.Номингоос дутахааргүй “баасанд хутгалдсан” дүр ч … -

Хоёрдугаарт: "Go Mongolia", "Welcome to Mongolia" брэндингийн ажлуудын зардлын асуудлаар Б.Батцэцэг, Ч.Номин нар хоёр Засгийн газар дамнан маргаж байна. Тэдний хэн хэн нь энэ ажлаас нэрээ цэвэр татаж авах сонирхолтой. Гэхдээ Ч.Номинд баасанд нялагдаж, түүнийг огцруулах улстөрийн акцийг ч хүчтэй өрнүүлсэн. Улстөрийн захиалагч нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэсэн мэдээлэл тамхины цэг дээрээс хөвөрч байлаа. Улмаар “Ч.Номион, Английн хөл бөмбөгийн Фүлхэм багт шилжүүлсэн мөнгөө буцааж өг, огцор” гэсэн үгийг давтсан жагсагчид гарч ирцгээсэн удаатай. Гэтэл Ч.Номингоос дутахааргүй хутгалдсан ч, уснаас хуурай гарах гэж оролдсон хүн нь Б.Батцэцэг болж таарсан. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үес улсаа сурталчлуулах санааг анх гаргасан газар болох Засгийн газрын Үндэсний хорооны Монгол улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны дэд дарга нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Дараа нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг буруутгагдаад байгаа "Go Mongolia" төслөөс нэрээ сугалж авах гэж хэвлэлд ам нээгээд, тормолзоод зогсож байв.

Үнэндээ энэ нь аль нэг нам бүлэглэл эсвэл хэн нэгэн сайд хүүхнүүдийн нэг нэгнээ намнах хэрэгсэл биш нийт улс орны асуудал болж өндрөө авсныг хэлэх нь зүй. Өөрөөр хэлбэл Монголыг дэлхийд сурталчлах нэртэй эхэлсэн “Go Mongolia”–Fulham FC-ийн хамтын ажиллагаа үлдэгдэл төлбөрийн маргаанаар арбитрын босго давчихаад байгаа. Гэрээний төлбөр бүрэн барагдаагүй гэх үндэслэлээр Монголын Засгийн газарт арбитрын мэдэгдэл ирүүлсэн талаар 2025 оны 11-р сарын 4-нд тухайн үеийн Соёлын сайд Ч.Ундрам мэдэгдсэн.

Үлдэгдэл төлбөрийг 430 мянга гаруй фунт буюу хоёр тэрбум төгрөг орчим гэж мэдээлж байгаа ч гэрээний эх хувь, арбитрын хэргийн дугаар, нэхэмжлэлийн албан ёсны баримт одоогоор олон нийтэд нээлттэй биш байгаа юм.

-Тендер, гадаад паспортод биш АНУ-ын виз, БНСУ руу зорих иргэдээ анхаарсан бол… -

Гуравдугаарт, Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар тав дахь жилдээ (2021 оны 1 дүгээр сарын 29-нөөс хойш) тасралтгүй ажиллаж байна. Гэвч түүний өнгө өнгийн торгон дээлтэй гоёмсог айлчлалын мэдээнээс бусдаар Монгол Улсын гадаад харилцаа дээрдсэнгүй.

АНУ-ын визийн чангарал, БНСУ-д хөдөлмөр эрхлэх очиж буй иргэдийн хил гаалийн хүндрэл гэхчлэнгээс эхлээд үстэй толгойноос их асуудлын алийг нь ч цэгцэлж чадсангүй. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсыг “Визийн бонд” (Visa Bond) хөтөлбөрт хамруулсан. Үүний дагуу АНУ-ын Консулын ажилтан виз мэдүүлэгчийг хугацаа хэтрүүлж, харлах эрсдэлтэй гэж үзвэл виз олгохоос өмнө 10,000-20,000 ам.долларын барьцаа (бонд) байршуулахыг шаардах эрхтэй болсон. Амь амжиргаагаа дээшлүүлэх гэсэн монголчууд БНСУ-ын хил дээр очоод нохой, гахай мэт хөөгдөж туугдах нөхцөл байдал огтхон ч дээрдсэнгүй.

Сэтгэл гарсангүй юу, мэдлэг мэдрэмж нь хүрсэнгүй юү. Аль ч байсан сайд Б.Батцэцэг айлчлалаас бусдаар улсынхаа гадаад бодлогын асуудалд муу дүн авахаар ажиллаж байна.

Амжилтаа сурталчлахаас гадна тайлагнах шаардлагатай

Гадаад харилцааны яамны үйл ажиллагаанд улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, иргэдийн эрх, олон улсын нэр хүнд зэрэг олон чиглэл багтдаг. Ийм өргөн хүрээний ажлыг зөвхөн айлчлалын тоо, уулзалтын зураг, хамтарсан мэдэгдлээр хэмжих боломжгүй юм. Товчхондоо Гадаад харилцааны сайд бол зөвхөн Монгол Улсыг гадаадад төлөөлөх албан тушаалтан биш. Тэрбээр гадаад орчинд Монголын иргэд, эдийн засаг, аюулгүй байдал, улсын нэр хүндийн эрх ашгийг хамгаалах улс төрийн хариуцлага хүлээдэг.

Даарин дээр давс гэгчээр төрөөс тендер хамдаг, гадаад паспортын хэвлэлтийн асуудлаас нэр нь салаагүй ирсэн түүнийг “Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна” гэж сэтгүүлч С.Будрагчаа хэлж байсан удаатай. Энэ янзаараа гоё дээлтэй сайд гэдэг нэр л үлдэх вий дээ.

П.Баатар

 

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.