АН-ынхан Засгийн газрын сайд нарыг огцруулахаар нэг нэгээр нь амлан авчээ
АН-ынхан Н.Учралын Засгийн газрыг унагаах чин хүсэлтэй. Атал Ерөнхий сайд Н.Учрал ирэх онд Оюу толгойгоос ногдол ашиг хүртээнэ гээд иргэдээс илүү оноо авчихсан яваа. Аргаа ядсан АН-ын гишүүд Засгийн сайд нарыг нэг нэгээр нь амлан авч “бөгсийг ухах” ажилд шуурхайлан оржээ. Тухайлбал,
- - УИХ-ын гишүүн П.Батчимэг Шадар сайд Т.Доржхандыг,
- - УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг,
- - Харин АН-ын дарга О.Цогтгэрэл Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг өөрийн гараар унагахаар улайран удаан хугацааг өнгөрөөж байгаа ч өнөөдрийг хүртэл амжилт олоогүй явна.
Дээрх сайд нарыг огцрох болзолоо хангасан гэх шаардлагуудыг дурдвал,
- УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэмжийн мөнгийг 2027 оны төсөвт нэмэгдүүлэх асуудлыг хөндөж салбарын сайд Т.Аубакирыг иргэддээ ялгамжтай хандаж, ялгаварлан гадуурхаж байна гэх агуулгыг хөндөж буй. Улмаар ГБХНХ-ын яамны сайд Т.Аубакирт хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд өргөн бариад байгаа. Үүгээр зогсохгүй уг асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлж, жагссан билээ.
- УИХ-ын гишүүн П.Батчимэг Шадар сайд Доржхандын гадаад томилолтын талаар асуудлыг хөндөв. Тэрбээр “Т.Доржханд сайд Монголд, энэ яаман дээр ажлаа хийх юм уу, үгүй юм уу гэсэн асуудал яригдаж байна. Ингэж зардлуудаа өсгөсөн юм чинь улсын төсөв 10 их наядаар илүү гаралгүй л яахав дээ” хэмээн шүүмжилсэн. Тодруулбал, Т.Доржханд сайдын томилолт, зочны зардал 2026 оны төсвийн тодотголоор 54 сая төгрөг байсан бол 2027 оны төсвийн төсөлд 441.8 сая төгрөг болж өсжээ. Ингэснээр уг зардал нэг жилийн дотор 387.8 сая төгрөгөөр буюу ойролцоогоор 718 хувиар нэмэгдэхээр байна. Энэ нь анхаарал татахуйц өсөлт мөн ч гэлээ сайдыг огцруулах хэмжээнд хүрэх эсэх нь эргэлзээтэй.
- Батлан хамгаалахын сайд Д.Батлутын хувьд цэргүүд амиа алдсантай холбоотойгоор түүнийг огцруулах асуудал энэ оны хавраас эхлэн хөндөгдсөн. Ардчилсан намын бүлгээс түүнийг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж хариу тайлбар хүлээсээр буй. Энэ талаар саяхан АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ, “Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг хүлээж авч байна гэж ойлгосон. Энэ мэдээллийг нягталж, цаашид хэлэлцээд явна. Мөн АН-аас иргэдийн орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр байнга байр сууриа илэрхийлж ирсэн. “Цалин, тэтгэвэр нэмэх ёстой. Гэхдээ үрэлгэн төсвөө хас” гэж шаардаж байгаа” гэсэн юм.
Ийнхүү АН-д Засгийн сайд нарыг унагах асуудлыг хажуугаар бас нэгэн чухал үйл явдал өрнөж байна. Энэ бол давхар дээлтэй яваа О.Цогтгэрэлээс Бүлгийн даргын суудлаа салгаж авах. Үүнийг тэд өнөөдөр бүлгийн хуралдаанаараа шийднэ.
АН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөж буй.
Хэрэв эл өрсөлдөөнд Б.Түвшин ялбал Засгийн газартай хамтарна, Х.Тэмүүжин ялбал Засгийн газрыг “бойкот”-лоно гэх мэдээлэл бий. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу. Яагаад гэвэл Х.Тэмүүжинг Х.Баттулга нар, Б.Түвшинг Ерөнхийлөгчийн жигүүр дор орсон АН-ынхан дэмжиж байгаа учраас. Өөрөөр хэлбэл, тамга хэний гарт очихоос Н.Учралын Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ гэсэн үг.
М.Үүрийнтуяа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.