Буриадын талд сүндэрлэсэн Даши Намдаковын “Хамгаалагч” хөшөө нээлтээ хийсэн даруйдаа маргаан дагуулав

Буриадын талд сүндэрлэсэн Даши Намдаковын “Хамгаалагч” хөшөө нээлтээ хийсэн даруйдаа маргаан дагуулав

ОХУ-ын Буриадын Иволгын районд орших Тапхарын өндөрлөгт байгуулсан “Чингис хааны өндөрлөг” аялал жуулчлалын цогцолборын гол бүтээл болох Даши Намдаковын есөн метрийн өндөр “Хамгаалагч Сахиус” хүрэл баримал энэ сарын 11-нд албан ёсоор нээлтээ хийсэн.

Энэ нь зөвхөн нэг хөшөө босгосон төсөл биш, Иволгын хөндийг тольдох 4.5 километрийн эко аяллын зам, ажиглалтын тавцан, амралтын бүс, задгай тэнгэрийн доорх урлагийн галерейг цогцоор нь байгуулжээ.

Төслийг ОХУ-ын “Алс Дорнодын жимүүд” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж, холбооны төсвөөс дэд бүтцийн санхүүжилт олгосон талаар Оросын эх сурвалжууд мэдээлсэн байна.

Маргаан, шүүмжлэл дагуулаад буй “Хамгаалагч” бүтээлийн нуруу хэсэгт амьдралын тухай яруу найргийн бичвэрийг уламжлалт босоо бичгийн хэлбэрээр гараар сийлсэн нь уг баримал зөвхөн дүрслэл бус түүх, бичиг, нүүдэлчин соёлын санааг хамтад нь илэрхийлэхийг зорьсных гэв.

Хөшөө нээлтээ хийсэн даруйдаа цахим орчинд маргаан дагуулаад байна. Зарим нь Даши Намдаковын өвөрмөц, авангард шийдлийг үнэлж, түүх, байгаль, домгийг орчин үеийн урлагийн хэлээр нэгтгэсэн бүтээл хэмээн үнэлж байгаа бол нөгөө хэсэг нь баримлын нүүр царай, биеийн хэлбэрийг “тарвага”, “зурам”, “оцон шувуу” мэт хэмээн шүүмжилжээ.

Шүүмжлэгчдийн гол асуулт нь Чингис хааны нэртэй цогцолборын төвд байрлах бүтээл түүхэн их хааны сүр хүчийг илэрхийлж чадаж байна уу гэсэнд төвлөрч байна. Хөшөөг сайшаан дэмжигчид “Хамгаалагч” нь Чингис хааны хөрөг хөшөө биш түүхэн газар нутаг, байгаль, нүүдэлчин соёлын бэлгэдэл гэдгийг онцолсон байна.

Эндээс нэг том сэдэв урган гарч байгаа юм. Чингис хааны нэр, монгол угсаатны түүх, нүүдэлчин соёлыг бүс нутгийн аялал жуулчлалын брэнд болгон ашиглах нь соёлын өвийг түгээн дэлгэрүүлж буй хэрэг үү, эсвэл түүхэн нэрийн төлөөх шинэ өрсөлдөөн үү?

Ордосын цогцолбороос эхлээд Буриадын Тапхарын өндөрлөг хүртэл Чингис хааны нэр аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, соёлын бодлогын хүчтэй бэлгэ тэмдэг болон ашиглагдаж байна. Харин энэ нэрийг хэн, ямар өнцгөөр тайлбарлаж, ямар дүр төрхөөр олон нийтэд хүргэх вэ гэдэг нь цаашид ч маргаантай сэдэв хэвээр үлдэх бололтой.

 

Ямартай ч “Хамгаалагч” нэг хэсгийг нь гайхшруулж нөгөөг нь бухимдуулж, урлагийн тухай маргалдахад хүргэв. Цаг хугацаа өнгөрөхөд энэ бүтээл Тапхарын өндөрлөгийн таних тэмдэг болох уу, эсвэл Чингис хааны нэрийг ашигласан маргаантай төслийн жишээ болон үлдэх үү гэдгийг харуулах биз ээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.