Сэтгүүлч Т.Шинэбаярын цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх хурал өнөөдөр болно
Сэтгүүлч Т.Шинэбаярыг 2026.10.10-ны үүрийн 05 цагийн орчим хойшлуулашгүйгээр 48 цагдан хорьсон билээ. Улмаар 2026.10.11-ны өдөр Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 30 хоног цагдан хорихоор болсон. Тиймээс сэтгүүлч Т.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нар Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчид хандсан байна. Мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх уг хуралд Т.Шинэбаяр цахимаар бус өөрийн биеэр оролцох хүсэлтийг тус тус гаргаад байгаа юм.
Т.Шинэбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг шийдэх хурал өнөөдөр 16:00 цагт Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд товлогджээ.
Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гомдлоор Эрүүгийн хуулийн 23.7.1-д заасан гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татаад байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн уг заалтад “Нийтийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн; эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.