МЗЭ-ийн шагналт зохиолч Санжаагийн Батжаргал: Айдсаа давж, өөртөө итгэлтэй байгаарай
-Танд энэ өдрийн мэнд хүргэж, шинэ номоо өлгийдөн авсанд баяр хүргэе. Юуны өмнө та зохиол эхлэн бичсэн түүхээ хуваалцаач. Таныг өөр мэргэжлийн хүн гэж сонссон. Яагаад энэ салбар луу “халтирч” орох болов. Зохиолч болоход юу нөлөөлсөн бэ?
-Тийм ээ. Би ТИС төгссөн, Хүнс судлалын ухааны магистр хүн. Бас Удирдлагын академийг Бизнес удирдлагын менежер чиглэлээр дүүргэсэн. Харин зохиолч болох бол миний багын мөрөөдөл байсан юм. Өөртөө итгэлгүй зангаасаа болж, бичиж эхлэхгүй байсаар нилээд хожуу эхэлсэн дээ. Аав ээж хоёр маань мөн тэдний найзууд манайхаар ирэхдээ маш сонирхолтой түүх домог хүүрнэдэг байсан, мөн эгч нар маань уран зохиолын ном их уншдаг байсан нь намайг уран зохиолд дуртай болгосон байх. Зохиолч болоход нөлөөлсөн гол зүйл нь их уншсаных байх л гэж боддог доо.
-Анхны бүтээлийнхээ талаар ярьж өгөөч?
-Би айлын тав дахь хүүхэд. Дороо нэг дүүтэй. Биднийг дунд ангид байхад аав маань тэтгэвэртээ гараад гэртээ суусан. Тэгээд завтай болсноор багын амьдрал, залуудаа хийж явсан ажил төрлөө бидэнд хүүрнэдэг байсан юм билээ. Дараа нь би аавын энэ яриаг ах эгч нар маань сонсоогүй болохыг олж мэдсэн юм. Тэгээд ер нь аавынхаа намтрыг бичиж үлдээе гэж олон жил бодсоны эцэст 2012 онд аавынхаа мэндэлсний 100 жилийн ойгоор зориглон бичсэн. Миний аав өнчин өрөөсөн өсөж, амьдрахын эрхэнд нутгаасаа гурван зуу гаруй км газар явган алхаж Улаанбаатар хотод ирээд Ганданд шавилан сууж байгаад дараа нь цэрэгт явж, жирийн цэргээс дивизийн хөгжмийн удирдаач болтлоо дэвшсэн. Дараа нь нутагтаа ирж сумандаа анхны Сүү тосны заводыг байгуулсан, бас барилддаг аймгийн цолтой гээд баян намтар түүхтэй хүн байлаа. Тэгээд аавынхаа намтрыг бичээд хүүхдүүддээ уншуултал “Та үүнийгээ намтар-роман болго. Их сонирхолтой юм байна” гэж зөвлөсний дагуу дэлгэрүүлэн бичсэнээр “Намрын шөнийн зүүд” роман маань мэндэлсэн юм даа. Анхны энэ роман маань уншигчдын таашаалд нийцэж олон урмын үг хэлснээр дахин зохиол бичих урам өгсөн. Уран бүтээл гэдэг урмаар төрдөг гэдэг үнэн байх.
-Анх эхлэхдээ л романаар эхэлсэн гэсэн үг үү?
-Тийм ээ, өмнө нь өгүүллэг тууж, найруулал ч бичиж байсангүй. Гэхдээ уншигч олны урам, сайн багш, редакторын тус дэмээр 11 дэх романаа сая хэвлүүлж, уншигчдадаа өргөн барилаа.
-Таны уран бүтээлүүд түүхэн роман голдуу байх юм. Бас хүүхдийн зохиолуудыг тань уншиж байсан юм байна.?
-Хүүхдийн өгүүллэг туужийн гурван түүвэр, мөн туужийн хоёр, өгүүллэгийн хоёр ном, дурсамжаа бичиж хэвлүүлсэн дээ.
-Түүхэн роман бичих бодол анх яагаад төрөв. Сэдвээ хэрхэн олдог вэ?
-Анхны романаа биччихээд олон жил бодсон зүйлээ гүйцээлээ. Хүн амьдралдаа нэг ном бичих, нэг мод тарих ёстой байдаг юм гэдэг. Мод нилээн олныг тарьчихсан. Ингээд хүн болсны хэргээ гүйцээлээ гэж бодохоос сэтгэл нэг их сайхан ханаж билээ. Гэтэл номыг маань уншсан хүмүүс “Одоо ямар зохиол бичих гэж байна?” гэж асуугаад эхэлсэн. Би хариуд нь “Үгүй ээ, би зохиолч биш. Зүгээр л аавынхаа намтрыг бичсэн юм” гэж хариулдаг байлаа. “Өөрөө эмэгтэй хүний сэтгэлийг их сайхан гаргаж бичдэг юм байна. Одоо хатдын тухай нэг сайхан роман бич” гэж олон хүн зөвлөсөн. Ингээд жил гаруй болсны дараа сэтгэлд бас л нэг юм үгүйлэгдээд, сэтгэл хоосроод ч гэх юм уу, цаанаасаа бичмээр санагдаад монголынхоо түүхийг уншиж эхэлсэн. Хэдийгээр дунд сургуульд түүхийн хичээл үзэж байсан ч нэг их дэлгэрэнгүй үзэж байсангүй. Түүхийн судалгааны маш олон ном олж уншсан. Манай түүхчид, судлаач орчуулагчид олон хэлнээс маш сайхан судалгааны ном орчуулж гаргадаг болсон байна. Тэдгээр номноос их хааны маань удам алтан ургийн хаад, баатрууд, хатад ямархан агуу хүмүүс байсныг олж уншсан даа. Анхны түүхэн роман маань “Хайду хаан” роман минь байсан юм. Эгнэшгүй хүчит, хосгүй үзэсгэлэнт Хотол цагаан буюу Хотолан чаха гүнжийн тухай роман бичих санаатай уншиж байтал түүний аав Хайду хааныг монгол хүн бүр мэдэх ёстой гэж бодоод “Хайду хаан” романаа бичсэн. Сэдвээ олдгийн тухайд түүхийн судалгаа хийх явцад гарч ирсэн сонин содон үйл явдлыг “Үүнийг л монголчууд мэдэх ёстой. Энэ үйл явдлыг л уншигч олныхоо хүртээл болгох ёстой юм байна” гэж бодсон сэдвээ сонгож бичдэг дээ.
-Дараа нь “Их хайрын түүх” романаа бичсэн бил үү?
-Тийм ээ. Дараа нь нэг найз маань санал болгосон юм. Таж Махалыг барьсан Шах Жахан хаан монгол хүн байсан. Тэр тухай монголчууд бид л дурсаж бичих ёстой. Энэ хааны тухай, тэр их хааны агуу хайрын тухай нэг сайхан роман бичээч гэж хэлэхэд нь “Ээ, би барахгүй байх. Газар хол, шашин, ёс заншил өөр, цаг хугацаа ондоо. Тэгээд ч тэр агуу хайрын тухай дутуу дулимаг бичсэнээс бичээгүй нь дээр” гэхэд найз маань “Чи чадна аа” гээд зоригжуулсан. Тэгээд л судалж эхэлсэн дээ. Монгол хэл дээр орчуулагдсан судалгааны ном ховор юм билээ. Тэгээд англи хэл дээр хэвлэгдсэн судалгааны ном нэг найз маань Америкаас олж өгч, мэргэжлийн орчуулагчаар орчуулуулж, бас монгол хэл дээр олсон номнуудтайгаа харьцуулаад бичиж эхэлсэн.
-Түүний дараа “Их хаадын удам” цувралаа үргэлжлүүлж бичсэн хэрэг үү?
-Тийм ээ. Ер нь ямар ч зохиол бичихэд онгод гэдэг юм орж ирдэг юм билээ. Томхон хэмжээний зохиол бичихэд түүнийгээ удирдаж, барьж тогтоож гэх юм уу тогтож бичих ёстой юм шиг санагддаг. Хайду хаан романыг бичиж байхад онгод нь юм уу, мэдээлэл маш хүчтэй орж ирсэн. Тэр үед сэтгэлдээ буусан бүхнийг бичээд байснаас яг Хайду хааныхаа тэмцлийг тийм сайн гаргаж чадаагүй мэт санагдаж эхэлсэн. Тэгээд үргэлжлэл бичих ёстой юм байна гэж бодоод Ишүүжин, Аргасуу баатар гэсэн хоёр романаа ойрхон хэвлүүлсэн дээ. Тэрнээс хойш үргэлжилсээр сая хэвлүүлсэн “Хаан заяа” роман маань зургаа дахь боть нь юм. 1207-1340 он хүртэл 100 гаруй жилийн хугацаанд Монголын маань түүхийн эгзэгтэй мөчүүдийн тухай зургаан роман бичиж уншигчдадаа барилаа.
-Таны богино хугацаанд номоо гаргадаг шалтгаан юу вэ?
-Өө харин тийм. Энэ тухай зарим хүмүүс роман үйлдвэрлэж байна гэж шүүмжилдэг. Нэгдүгээрт би арван хурууны бичээчийн давхар мэргэжилтэй. Хоёрдугаарт цагаа сайн ашигладаг гэх юм уу даа. Түүхэн зохиол бичихэд судалгаанд маш их хугацаа зарцуулдаг. Өөр мэргэжлээс орж ирсэн болохоор судалж мэдэх юм асар их байлаа. Эхний үед түүхийн судалгаанд бүр донтсон байсан. Дунд сургуульд ерөнхийд нь заалгасан байсан болохоор тэр үед чухам яг ямар явдал болов, учир шалтгаан нь юу байв гэдгийг нарийвчлан уншиж судлах маш сонирхолтой. Өвлийн хэдэн сарын уншиж судалж өнгөрүүлдэг. Бүтэн зургаан сарын турш түүхэн нэг сэдвийн тухай судлахад хангалттай хугацаа шүү дээ. Тэгээд хавар зундаа бичдэг. Цагийн хуваарь маань жаахан этгээд. Өглөө бүр 4 цагт босоод 4-8 цагийн хооронд эрчимтэй ажилладаг. Уншиж судлах, бичих ажлаа өглөө л хийдэг. Өдөрт дөрвөн цаг гэдэг бол маш их зүйл хийж болох хугацаа. Тэгээд 8 цагт буцаж орондоо орж унтаад 9 цагт босож өдөр хийх ёстой бусад ажлаа амжуулдаг. Өдөржин өөр ажилтай байсан ч зохиолоо бодоод л явна, заримдаа зүүдэлнэ. Тэгээд л маргааш өглөө нь босоод бичдэг дээ. Зохиолоос зохиолд унших хэрэгцээ багасаж байгаа гэж хэлж болно. Ингээд бодохоор нэг жилд нэг роман бичнэ гэдэг хангалттай, өөр их зүйл ч хийж болох хугацаа шүү дээ. Би харин ч өөрийгөө их залхуу байна даа, өөр ч их зүйл хийх боломж байна гэж боддог шүү.
-Түүхэн зохиол бичихийн онцлог юу вэ? Юун дээр анхаарвал зохих бол?
-Зарим хүмүүс одоо л түүхэн зохиол хүмүүс ихээр бичээд байна гэж яриад байдаг. Гэтэл түүхэн зохиол манайд ч, дэлхий дахинд ч үеийн үед байсаар л ирсэн. Социализмын үед бичигдсэн алдартай “Аянга”, “Улаан наран” гэх мэт романууд түүхэн л зохиол шүү дээ. “Тунгалаг тамир” романд ч түүхэн дүрүүд гардаг. Харин тухайн үед үзэл суртлын шаардлагад нийцүүлж бичдэг байснаараа одоог бодвол хэцүү байсан болов уу. Одоо бол чөлөөтэй болсон нь сайн талтай. Түүхэн зохиол бичихэд түүхэн баримт, уран сайхан хоёрын харьцааг тэнцүүлэх ёстой гэдэг юм билээ. Миний хувьд баримталдаг гол зарчим бол “Түүхэн үнэнээс хэзээ ч гажуудуулж болохгүй”. Үүн дээр миний багш тусалдаг л даа. Миний багш Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн түүхч, судлаач, зохиолч, зураач Тангадын Мандир гэдэг хүн бий. Бичсэн зохиолоо багшаараа хянуулчихсан байхад түүхийг буруу зөрүү бичсэн байх вий гэж айх явдалгүй сэтгэл амар байдаг.
-Та саяны хэвлүүлсэн “Хаан заяа” романыхаа тухай товчхон яривал?
-“Хаан заяа” романд 1334-1340 оны үеийн Цагадайн хаант улсад өрнөсөн бага хаадын тэмцлийн тухай өгүүлэх бөгөөд тухайн үед Хайду хааны маань улс Цагадайн улстай нэгдсэн, нилээд хүчирхэг байсан үе. Хаан ширээний төлөөх тэмцэлд алтан ургийнхан хоорондоо тэмцэлдэхээс гадна Ромын пап, Юань гүрэн, мөн исламын шашинтнууд Цагадайн улсын хаан ширээний төлөөх тэмцэлд оролцож, өөрийн шашныг дэмждэг хүнийг хаан сэнтийд залж, өөрсдийн нөлөөгөө тогтоохын төлөө тэмцэлдэж байсан түүхэн эгзэгтэй цаг үеийн тухай өгүүлэх болно.

-Танд дахин баяр хүргэе. Эхлэн бичигч болон залуу зохиолчдодоо хандаж юу гэж зөвлөмөөр байна?
-Юуны өмнө айдсаа давж, өөртөө итгэлтэй байгаарай. Над шиг өөртөө итгэлгүй зангаасаа болж цаг бүү алдаарай. Үнэхээр бичих хүсэл байвал эртхэн эхлээрэй л гэж хэлмээр санагддаг. Залуу зохиолчдодоо бол судалгаагаа сайн хийгээд дүрээ л амилуулж чадвал дүр чинь өөрөө яриад эхэлнэ. Дүрээ л зөв амилуул гэж миний зүгээс зөвлөмөөр санагддаг. Бид агуу дээдсийн удам. Тийм болохоор өвөг дээдсээ хүндэлж, түүхээсээ сургамж авч явбал Монголчууд бол тэнгэрлэг ард түмэн шүү дээ.
-Цаг заваа гаргаж бидэнд сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Х.Хүслэн
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.