Л.Нинжжамц: Энэ сарын 30-нд болох 1000 сэтгүүлчийн форумаар салбартаа тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэнэ
Энэ сарын 30-ны өдөр "Мянган сэтгүүлчийн форум"-ыг зохион байгуулах гэж байгаа талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ерөнхийлөгч Л.Нинжжамц мэдээллээ.
Түүний онцолсноор форумын эхний хэсэгт төр, олон нийтийн байгууллагууд болон олон улсын шинжээчдийг урьж оролцуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр шүүх, цагдаа, прокурор, Авлигатай тэмцэх газар болон Хүний эрхийн үндэсний комисст хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй холбоотой ямар асуудал, кэйсүүд үүсэж байгааг хэлэлцэх юм байна. Мөн сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, хэвлэлийн болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нөхцөл байдлыг тал бүрээс нь хөндөн ярилцана.
Харин форумын хоёрдугаар хэсэг хаалттай хэлбэрээр үргэлжлэх бөгөөд зөвхөн сэтгүүлчид оролцон салбарынхаа дотоод нөхцөл байдлыг үнэлж дүгнэх аж. Энэ үеэр сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлага, мэдээ мэдээллийг нягтлан шүүж, олон талт эх сурвалжаар баталгаажуулах зарчмыг хөндөхөөр болжээ.
Түүнчлэн энэхүү форумаас сэтгүүл зүйн ёс зүйн алтан дүрмийг чанд мөрдөж, баримтад суурилсан контент бэлтгэхийг уриалсан тунхаг бичиг гаргахаар төлөвлөснийг МСНЭ-ийн удирдлага онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.