ТАВ хүртэлх жил хорих ял тохож, ЗУРГАА хоног хорьсон сэтгүүлч Т.Шинэбаярын хэргийн өрнөл
Сүүлийн үед үүсээд байгаа асуудлын нэг бол сэтгүүлч VS Ерөнхийлөгчийн тамгын газар хоорондын зодоон. Ерөнхийлөгчийн Тамгын газраас өөрсдийг нь дарамталж, шаардлага тавьсан гэх асуудлаар сэтгүүлч Т.Шинэбаярыг хуулийн байгууллагад шалгуулаад байгаа билээ. Түүнийг тойрсон асуудлыг багцлаад харъя. Юу өрнөөд өнгөрөв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийг
1. Нэр бүхий иргэнд “Хөдөлмөрийн баатар” цол гаргаж өгөх
2. Редакц байгуулж, тоног төхөөрөмж худалдаж авах, оффис түрээслэх их хэмжээний мөнгө өгөх
3. Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд авч явах
4. Ерөнхийлөгчтэй уулзуулж өг гэсэн дөрөв шаардлагаар шантаачилсан гэж мэдэгдсэн юм.
“Энэ хавар, зуны турш Т.Шинэбаяр сэтгүүлч баримт нотолгоогүй мэдээллээр Ерөнхийлөгч рүү халдсан мэдээллийг удаа дараа явуулсан. Би мэдээллүүд чинь худлаа байна гэдгийг нөхөрсгөөр сануулж, ярихыг оролдож нэг удаа уулзаж, нэг удаа утсаар ярьсан” гэж мэдэгдсэний араас хорих үйл ажиллагаа явагдав.
Аравдугаар сарын 9-нд Цагдаагийн ерөнхий газарт өөрийн биеэр шалгуулахаар очсон юм. Тухайн үед мөрдөгч түүнийг явж болно гэж хэлсний дагуу явсан боловч дараа нь дахин дуудаж, ирэхийг шаардсан байна. Эргэж очиход нь гар утсыг нь хураан авч, прокурорын зөвшөөрлөөр гэрт нь үзлэг, нэгжлэг хийж, компьютер болон процессорыг нь хураан авч шалгасан гэдгийг өмгөөлөгч нь дараа нь мэдэгдсэн. Улмаар аравдугаар сарын 10-ны өглөөний 05:10 цагт хойшлуулшгүй журмаар баривчилсан байдаг. Тухайн өдөр шүүх прокурорын саналыг хэлэлцэж, баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцсон. 2026 оны аравдугаар сарын 11-нээс эхлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна. Улмаар ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид эхлээд 48 цаг, улмаар шүүхийн шийдвэрээр цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан юм.
Түүнийг өмгөөлөгчгүй хорьсон гэх үндэслэлээр өмгөөлөгч Ч.Өнөржаргал болон бусад сэтгүүлчид Сүхбаатарын талбайд болон Төрийн ордны гадна эсэргүүцэл илэрхийлж, аравдугаар сарын 12-ноос Т.Шинэбаяр хуурай өлсгөлөн зарласан. Биеийн байдал нь муудаж эхэлснийг өмгөөлөгч Ч.Өнөржаргал нь мэдээлсэн. 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар шүүхээс сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсон захирамжийг хүчингүй болгож, эрүүл мэндийн шалтгаанаар суллаад байна. Суллахдаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Улаанбаатар хотоос гарахыг хязгаарласан. Мөн хилээр гарахыг хориглосон.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлд заасан “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Заналхийлсэн гомдлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг гаргасан. Сэтгүүлчид заналхийлүүлсэн нийтийн албан тушаалтан нь Ерөнхийлөгч юм.
23.7 дугаар зүйл. Нийтийн албан тушаалтныг заналхийлэх 1 дэх хэсэг (23.7.1):
"Нийтийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн; эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол..."
Хүлээлгэх ялын санкци:
● Торгох ял: 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (хуулийн 1 нэгж = 1,000 төгрөг тул 5,400,000 төгрөгөөс 27,000,000 төгрөг хүртэл)
● Зорчих эрхийг хязгаарлах ял: 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар
● Хорих ял: 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар.
Жирийн иргэд хоорондын заналхийллийг Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлээр ("Заналхийлэх") зүйлчилдэг бол нийтийн албан тушаалтныг албан үүрэгтэй нь холбогдуулан заналхийлбэл энэхүү 23.7 дугаар зүйлээр илүү өндөр ял шийтгэл ногдуулахаар тусгаарласан байдаг. Өөрөөр хэлбэл арав дахин өндөр ялтай зүйл анги гэсэн үг.
Бодит хийсэн үйлдэлд биш заналхийлэл гэж үзэж ийм өндөр ял тулгаж буй асуудал олны анхаарлыг зүй ёсоор татна.
Энэ зүйл ангиар сэтгүүлчийг тэр тусмаа хөрөнгөтэй холбоотой видео цацсан хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад, зургаа хоног саатуулаад сулласан үйл явц өрнөлөө. Т.Шинэбаяр гарч ирээд хэвлэлд ямар нэгэн байдлаар ам нээгээгүй байна. Ерөнхийлөгчийн институцийн эсрэг дуугарсан, хөдлөсөн хүн бүрийг шагнал, шорон хоёроор айлгаж байгаа гэдэг асуудал нийгэмд хөндөгдөөд буй юм.
П.БААТАР
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.