Х.Нямбаатар: Би дэглэмийн эсрэг ганцаараа дуугарч байна. Надад алгын чинээ утас, жижигхэн бор зүрх л байна. Би Монголд очно. Ц.Элбэгдорж шиг, Ч.Сайханбилэг шиг 7, 8 жил зугтахгүй
Хилийн чанадаас намынхаа дотоод бузар булхайг дэлгэж буй экс даргын ээлжит лайваас онцлох таван өнцөг
Сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа халуун сэдвүүдийн нэг нь хотын дарга асан Х.Нямбаатар сэтгүүлчдэд хууль бусаар газар олгосон, Нийслэлийн Засаг даргын тамгын газар зарим хэвлэл мэдээллийн байгууллагатай их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан зэрэг асуудлууд шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл “Канадаас мэндчилж байна хэмээн үе үе лайв, мэдэгдэл хийх болсон Х.Нямбаатар ээлжит лайваа өчигдөр хийлээ.
Хилийн чанадаас хийж буй лайв бүрээрээ тэрээр эрх баригч намынхаа дотоод зөрчил, хуваагдлыг ил гаргаж, эсрэг талын улс төрчид болон сэтгүүлчдийг нэрлэн дайрч буй. Нэг хэсэг нь түүнийг “гадаадаас хов жив ярьж, уйлан дуугарч байна” хэмээн буруутгаж байгаа бол нөгөө тал нь “Монголд очвол аваад хийчих учраас гадаадаас дуугарч байгаа нь зөв” хэмээн өмөөрч буй.
Ямартай ч МАН дотроо эвлэршгүйгээр хагарч, голын хоёр талд гарсан нь өнгөрсөн өвөл ил болсон. Өнөөдөр энэ хагарал намын дотоод маргаан байхаа больж, эрх мэдлийн дараагийн хуваарилалт, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх байрлалын төлөөх ил дайн болж хувирах шинжтэй. Олныг нуршилгүй, Х.Нямбаатарын ээлжит лайваас анхаарал татах таван өнцгийг хүргэе.
· Газар зараагүй, мэдээллийн гэрээ л хийсэн
Сэтгүүлчдэд хууль бусаар газар олгож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг талдаа татсан гэх шүүмжлэлийн хариуд Х.Нямбаатар холбогдох захирамж, гэрчилгээнүүдийг татаж үзсэнээ ярив. Маргаан бүхий газрууд анхнаасаа бусад иргэдийн нэр дээр гарч, дараа нь шилжсэн түүхтэй гэж тайлбарлаад, өөрийн ажиллаж байх үед мэдээлэл түгээх чиг үүргийн хүрээнд гэрээ байгуулж ажилласнаас бус хэн нэгэнд газар олгож, худалдаж авсан асуудал байхгүй гэв.
Гэвч энд гол асуулт үлдэж байна. Хэрэв газар олголт хууль бус биш юм бол нэр бүхий хэвлэл, сэтгүүлчдэд олгогдсон газар, гэрээний үр шимийг хэн хүртсэн бэ? Мэдээлэл түгээх гэрээ байгуулсан байгууллагуудын редакцын хараат бус байдалд нөлөөлсөн эсэхийг хэн шалгасан бэ? Нямбаатарын тайлбар газрын асуудлыг өөрийн нэрээс холдуулсан ч төрийн мөнгө, хэвлэл, газар гурвын огтлолцлыг тайлж чадахгүй байна.
· Туулын хурдны замын 500 тэрбум төгрөг АТГ-ын битүүмжлэлд байгаа. Би авч зугтаагүй
Туулын хурдны замын төсөлтэй холбоотой 500 тэрбум төгрөгийн асуудалд тэрбээр хамгийн тодорхой хариултыг өгөв.
“Би дахиад хэлье, Туулын хурдны замын мөнгө бүтнээрээ АТГ-ын битүүмжлэлд байгаа. Би тэр мөнгийг авч яваагүй. Энэ ажлыг зогсоосон хүмүүс энэ алдангийг төлнө өө. Энэ ажил хийгдсэн бол Улаанбаатар хотын түгжрэл хамгийн багадаа 30%-аар буурах байсан. Энийг зогсоосон хүн бол Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нар”!
Түүний тайлбараар 350 тэрбум төгрөг хадгалагдаж, 150 тэрбум төгрөгөөр цемент, арматур, техник тоног төхөөрөмж зэрэг бэлтгэл ажлын материал авчээ. Харин төслийг зогсоосноос болж нийслэл алданги төлөх нөхцөл үүссэн бөгөөд цаашид энэ дүн 100 тэрбум төгрөгт хүрч болзошгүй гээд “Энэ алдангийг хэн төлөх вэ? Зогсоосон шийдвэр гаргасан хүмүүс төлөх үү?” хэмээсэн нь ноцтой асуулт мөн. Эцэстээ энэ нь татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөгддөг билээ.
Сэлбэ төслийн 700 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтийн тухайд олон мянган айл нөхөн олговороо авсан, айлуудын ихэнх нь орон сууц худалдан авсан гэж тайлбарлав. Өөрийнх нь хэлснээр эдгээр мөнгө “идэгдээгүй”, харин төсөлд хамрагдсан иргэдэд очсон аж.
Гэвч энэ хоёр дүн, мөнгөний хөдөлгөөн, битүүмжлэл, алданги, газар чөлөөлөлтийн санхүүжилтийн талаарх эцсийн үнэн зөвийг зөвхөн лайвын тайлбараар тогтоох боломжгүй юм. Түүний ярьсан нь өөрийнх нь хамгаалалт, харин мөрдөн шалгах байгууллага болон холбогдох баримт бичгийн дүгнэлт тусдаа асуудал юм.
· Шорон, мөнгө, шагнал гэсэн гуравхан юм дээр хүмүүс нугарч байна
Лайвын хамгийн хурц хэсэг хэвлэл мэдээллийн салбарт чиглэв. Тэрээр тодорхой улс төрчид, цахим хуудас, хэвлэлүүдийг нэрлэн, өөрийг нь олон нийтэд жигшүүлэхээр ажилладаг “мэдээллийн сүлжээ” бий гэв. Түүний хэлснээр зарим хуудас зөвхөн өөрийг нь муулахад үйлчилдэг, зарим хүн хэнийг “яллах”, хэнийг “хоргох”-ыг урьдчилан бичдэг аж.
Тэр төрийн өмчит компаниудын мөнгө, олон төрлийн хөтөлбөр болон хувирч томилолт, шагнал, мөнгөөр хэвлэлүүдэд нөлөөлдөг. “Шорон, мөнгө, шагнал гэсэн гуравхан юм дээр нугардаг” хэмээн сэтгүүлчдийн хараат байдлыг тодорхойлсон нь үнэний ортой. Тэрээр энэ үгийг зөвхөн хэвлэлд бус, Монголын нийгэмд тогтсон хяналтын механизмын нэг хэсэг хэмээсэн юм.
· Надад нэг жижигхэн бор зүрх, алгын чинээ утас байна. Өөр юу ч байхгүй. Энэ хүмүүст эрх мэдэл байна. Шорон байна. Бүх хүчний байгууллагууд байна. Би дэглэмийн эсрэг ганцаараа дуугарч байна!
Лайвын гол өгүүлбэр нь энэ. Х.Нямбаатар өөрийгөө эрх мэдэл, мөнгө, хүчний байгууллагагүй ч “дэглэм”-ийн эсрэг ганцаараа дуугарч буй хүнээр дүрслэв. “Надад алгын чинээ утас, жижигхэн бор зүрх л байна. Өөр юу ч байхгүй” гэсэн өгүүлбэрээр өөрийгөө золиосын дүрд оруулж, харин эсрэг талд нь эрх мэдэл, шорон, төрийн өмчит компаниудын мөнгө, PR-ын том машин байна хэмээнтодорхойлсон.
Түүний дайралтын бай нь зөвхөн нэг хоёр хэвлэл, нэг хоёр улстөрч биш. МАН-ын бүхэл бүтэн дотоод тогтолцоо руу тэрээр дайрсан юм. Нэгэн цагт бараг 10-аад жил эрх баригч намын халуун цэгийг атгаж, хаадын хаан гэгдэж явсан түүн шиг хүн ингэж хэлж байна гэхээр энэ нь магад систем болтлоо бэхэжсэн тогтолцоо байж ч болох. Ямартай ч Х.Нямбаатарын лайвын цаанаас харагдаж буй дүр зураг бол намын дотоод хагарал эрх мэдлийн коридорт үлдээгүй, хэвлэл мэдээлэл, төрийн мөнгө, мөрдөн шалгалт, гудамжны улс төр рүү цөмөрсөн явдал юм.
· Нөмрөгийн түймэрт “Хавт Хасар”-ын нэр холбогдсон учраас ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн хамгаалагдаад өнгөрч байна
Х.Нямбаатарыг нийгмийн сенсаацийн гол бай болгож байгаа нь Засгийн газраас нийгмийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэх зорилгоор зохион байгуулж буй үйл ажиллагаа гэж үзэж байгаагаа хэлэв. Тухайлбал, инфляц, шатахууны хомсдол, төсвийн тодотгол, Халх-Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр болон зарим өндөр албан тушаалтнуудтай холбоотой санхүүгийн маргаантай сэдвүүдийг дарахын тулд өөрийг нь нийгэмд зохиомол дайсан болгон харагдуулж байна гэж тэрээр үзэж байгаа гэв.
Хэрэв нэг асуудлын мөрөөр өөр сэдвийг хүчтэй дэвэргэж, олон нийтийн анхаарлыг сарниулж байгаа бол түймрийн шалтгаан, хариуцагч, холбогдох албан тушаалтнуудын үүрэг оролцоо яагаад ил тод яригдахгүй байна вэ гэсэн асуулт гарна. Харин энэ асуултад лайвын улс төрийн тайлбар бус, түймрийн албан ёсны дүгнэлт, шалгалтын баримт хариу өгөх ёстой юм.
Эцэст нь тэрээр өөрийг нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шалгаж байгаа талаар ярьж, хууль хяналтын байгууллагад очиж мэдүүлэг өгөх тодорхой хугацаагаа ирэх долоо хоногт зарлана гэв. “Ц.Элбэгдорж шиг, Ч.Сайханбилэг шиг долоо, найман жил зугтахгүй. Дэглэмийг нуртал тэмцэнэ” гэсэн нь лайвын хамгийн хүчтэй улс төрийн мессеж байлаа.
Ингэснээр тэр өөрийгөө шалгуулах гэж буй сэжигтэн гэхээсээ илүү эрх баригч дэглэмийн өмнө шалгуулах гэж буй тэмцэгч болгон харуулахыг оролдов. Монголд хэзээ ирэхээ зарлах нь түүний хувьд хууль эрх зүй гэхээсээ илүү улс төрийн шоуны дараагийн том хэсэг байх бололтой.
Лайвын цаанаас зарласан дотоод дайн
Хотын экс даргын лайв 500 тэрбум, 700 тэрбумын мөнгөний тайлбараас эхэлсэн ч төгсгөлдөө МАН-ын дотоод дайны ил зарлал болон хувирав. Тэр өөрийгөө “ард түмний дайсан” болгож буй мэдээллийн машины бай, эрх баригч намынхаа дотоод бузар булхайг ганцаараа дэлгэгч, сөрөг хүчний эзгүй орон зайг нөхөж буй улстөрч гэж үзэж байгаа аж. “Алгын чинээ утас, жижигхэн бор зүрх”-ээрээ бүхэл бүтэн эрх мэдлийн сүлжээтэй тэмцэнэ гэсэн энэ дүр улс төрийн хувьд тооцоотой, сэтгэл зүйн хувьд хүчтэй мессеж байлаа.
Гэвч лайвын цаанаас юу ч ярьж болно. Хорон, хурц үгс баримтыг орлож чадахгүй. Одоо харин түүний онцлон хэлсэн 500 тэрбум, 700 тэрбум, хэвлэл мэдээллийн гэрээ, газар олголт, Нөмрөгийн түймрийн хариуцлагын асуудал бүр дээр эрх баригчид тайлбар хийх ёстой юм.
Хэн мөнгийг захиран зарцуулсан, хэн гэрээ байгуулсан, хэн төслийг зогсоосон, зогсоосноос үүдэлтэй алданги хэд юм, үнэхээр Монгол Улс арбитрийн шүүхэд дуудагдах уу, хэрэв дуудагдвал хэн төлбөр болон алдангийг төлөх вэ? Эдгээрийг зүгээр нэг лайв, МАН-ын дотоод хагарал, тэдний дунд өрнөж буй “мэдээллийн дайн” гэх ерөнхий тайлбараар хаачихаж болохгүй. Учир нь тэр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хотын дарга, эрх баригч нам дотроо ХААДЫН ХААН гэгдэж явсан өөрөөр хэлбэл улс төрийн халуун шугаманд manage хийж явсан өндөр дээд түвшний албан тушаалтан юм. Улс төрийн фигур юм. Тиймээс яавч согтуу хүний галзуу лайв, хов жив гэж үл тоож болох юм. Ингэвэл эс үйлдэхүй гэдэг нь утгаараа болно.
Тэрээр “Монголд очно” гэж амласан. Ирээд шалгуулаад баримтаа дэлгэвэл энэ лайв улс төрийн сүрдүүлэг биш, эрх мэдлийн бодит зөрчил, ах намын дотоод бузар булайг илчилсэн акц болох юм. Харин ирэхгүйгээр ахин дахин лайв хийж, шинэ дайснаа зарлаж тэр тоолондоо цээж зураг барьж, хов жив ярьсаар байвал “ганцаараа тэмцэгч”-ийн дүр нь өөрийнх нь улс төрийн авралын сүүлчийн тайз болж үлдэнэ. Өнөөдөр бөмбөг Х.Нямбаатарын талд ч, түүнийг буруутгаж буй эрх баригчдын талд ч адилхан байна. Хэрхэхийг ирэх өдрүүд харуулна.
П.Баатар
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.