15 000 мод, 95 хувь нь ургасан: Хотыг ногооруулах хариулт өрх бүрийн хашаанд байна
Улаанбаатарт жил бүр олон мянган мод тарьдаг. Гэвч хэдэн жилийн дараа тэдний ихэнх нь хатаж, тарьсан газар нь хоосон үлддэг. Шалтгаан нь энгийн: мод тарьсан хүн байдаг ч арчлах эзэн байдаггүй.
Харин Чингэлтэй дүүрэгт арван жилийн өмнө эхэлсэн нэгэн санаачилга энэ асуудлыг өөрөөр шийджээ. УИХ-ын гишүүн Цэндийн Баатархүү «Ногоон үндэстэн» ТББ-тай хамтран 2015 онд «Өрх бүр 5 мод» санаачилгыг гаргаж, айлуудын хашаанд мод тарьж эхэлсэн. Мод бүр тодорхой айлын хашаанд, тэр айлын хариуцлагад ургадаг. Үр дүнд нь арван жилийн дотор 3000 гаруй айлын хашаанд 15 000 гаруй мод тарьж, 95 хувийг нь ургуулжээ.
Өнөөдөр эдгээр мод айлын хашааг сүүдэрлэж, тоосыг сааруулж, хүүхдүүдтэй хамт өсөж байна. Нэг айлын нэг мод бага мэт санагдавч, мянга мянган өрхийн хөдөлмөр нийлээд хотын нэг хэсгийн дүр төрхийг өөрчилж чадна гэдгийг энэ туршлага харуулж байна.
«Хотын ногоон байгууламж төрийн төсвөөр биш, иргэдийн гараар ургадаг. Өнөөдөр ургаж буй мод бүр нэг айлын арван жилийн хөдөлмөр. Иймд хотод тарьж ургуулсан модыг бүртгэдэг, урамшуулдаг тогтолцоог бий болгохоор Хотын ой, ногоон дэд бүтцийн тухай хуулийн төсөл санаачилсан» хэмээн санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү онцолж байна.
Энэ хөдөлмөрийг үнэлж, «Ногоон үндэстэн» ТББ 10 дугаар сарын 23-ны 16:00 цагт Улаанбаатар театрт «Ургуулсан бүхний баяр»-ыг зохион байгуулна. Баярын үеэр оролцогчид хот дотор хашаандаа ногоон байгууламжтай, дэд бүтэцтэй амьдрах сайн туршлагаа хуваалцаж, үзэсгэлэн гаргана.
Таны хашаанд ургасан мод ч энэ баярын нэг хэсэг. Модоо амжилттай ургуулсан өрхүүд, хашаандаа ургацтай, ногоон санаачилга гаргаж ажилладаг иргэн, байгууллага бүр оролцох боломжтой.
Хот ногоорох эсэх нь бидний хашаанаас эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.