Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа
Өмнөд Солонгосын Сөүл хотын Юнсан дүүргийн Ханнам хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан ихээр зохион байгуулагдаж, иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний түгжрэл үүсч байгаатай холбоотойгоор Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхааруулга зөвлөмж гаргалаа.
Тодруулбал, жагсаал цуглаан, хөл хөдөлгөөн ихтэй байгаа үед Консулын үйлчилгээ авахаар зорин ирэх иргэд ажлаа сайтар төлөвлөн ирэхийг хүссэн байна. Эргэн сануулахад, өнгөрсөн сарын 3-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл дайны онц байдал зарлаж, удалгүй цуцалсны дараа тус улсын сөрөг хүчин, иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн.
Улмаар Юн Сук Ёлын импичментийг зарласны дараа Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дак Сү ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр шууд ажиллаж эхэлсэн билээ. Гэвч одоог хүртэл иргэдийн эсэргүүцлийн жагсаал намжаагүй бөгөөд сүүлийн өдрүүдэд жагсагчдын тоо эрс нэмэгдэж байгаа юм. Тиймээс Гадаад харилцааны яамнаас тус улсад болж байгаа жагсаал цуглаантай холбоотой анхааруулга зөвлөмжийг гаргаад байна. Одоогоор жагсаалд 35-40 мянган хүн нэгдээд байгаа аж. Ирэх өдрүүдэд энэ тоо өсөх магадлалтай байгааг ч тус улсын хэвлэл онцолжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.