Ардчилсан намын даргад горилогсдын хэн нь хэн бэ?

Ардчилсан намын даргад горилогсдын хэн нь хэн бэ?

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ, МАН засагт хэн хэнтэй хамтрах вэ гэдгээс илүү АН-ын дараагийн дарга хэн бэ гэдэг марафон илүү анхаарал татаж байна. МАН-ын Бага  хурлын шийдвэрээс болж АН-ын дарга Л.Гантөмөр огцрох өргөдлөө өгчихсөн. Үүнтэй зэрэгцээд түүний тамгыг өвлөж авах хүсэл сонирхолтой улстөрчид тодорсоор.

Кандидатуудын нэрсийг жагсаахаар жэнкочид эсвэл MCS-чид гэсэн хоёр л бүлэглэлийн хүмүүс харагдана. О.Алтангэрэл, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж гурав бол жэнкочид. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа MCS хийгээд АПУ-гийн дэмжлэгтэй улс төрд орж ирсэн гишүүд. Тэр тусмаа женкоистууд АН-ын толгойд гарч ирэх магадлал тун өндөр байгаа сураг байна. Ингээд харахаар хэн нь ч дарга боллоо гэсэн бизнес-улс төрийн аль нэг бүлэглэлийн гарт АН-ын хувь заяа очихоор дүр зураг харагдаж байна.

Улсаасаа баян болчихсон хөрөнгөтнүүд төр, засгаараа тоглож, улстөрчдийг утсан хүүхэлдэй болгон ашиглаж, тэднийг хөшигний цаанаас тархидан удирдаж байгааг иргэд одоо нэгэнт мэддэг болжээ. Гэвч энэ чөтгөрийн тойрог АН-ыг сүүлийн арваад жил өөд нар үзүүлсэнгүй. Цаашид ч сэхэл өгөхгүй бололтой. Л.Оюун-Эрдэнийн оронд ард түмний хүссэн Ерөнхий сайд гарч ирнэ гэж горьдолтгүй. Женко эсвэл Эби, Хүүк нарын гар хөл,  MCS, МАК, АПУ зэрэг компаниудын төлөөлөл л тавигдана. Үүн шиг АН-ын дарга ч гэсэн жирийн гишүүдийнхээ хүсэл зоригоор биш бүлэглэлүүдийнхээ дур зоргоор шийдэгдэнэ.

Лу.Гантөмөрийн оронд АН-ын дарга болохоор санаархагчдын хэн нь хэн бэ?

О.АЛТАНГЭРЭЛ

content 2224 Хуульч О

Хамтарсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд. Л.Оюун-Эрдэнийн баруун гар болж ажилласан нь бол үнэн. Женко Х.Баттулгын халаасны хүн гэдэг нь ч бас үнэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Сургалтын офицероор ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Шүүхийн ёс зүйн хорооны дарга, Хууль зүйн яамны газрын дарга, Ардчилал судлалын хүрээлэнгийн захирал зэрэг албан тушаал хашиж байв. 

О.Алтангэрэл сайд ээж Ж.Оюунсайханаараа дамжуулан Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, “сахал” Д.Эрдэнэбилэг нараас “санхүүждэг” байж мэднэ гэсэн  хардлага ч явдаг. Тодруулбал, сайдын ээжийн нэр дээр бүртгэлтэй “Юү Эф И глобал” ХХК-ийг хамтран эзэмшигчид нь дээрх хоёр эрхмийн хамаарал бүхий этгээдүүд.

О.ЦОГТГЭРЭЛ

content 2224 ER0kq48842VPjxbAQ4O9

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа АН-ын хоёр хуваагдаж, тамга тэмдгээ булаацалдаж, хоёр даргатай болсны нэг нь О.Цогтгэрэл. Тэрбээр Ц.Тувааны тал буюу Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын дэмжлэгтэйгээр АН-ын дарга болсон. Улмаар Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тус тусдаа тодруулах дээрээ тулж хурцадсан хагарлын нэг жигүүрт О.Цогтгэрэл явсан юм.

Б.ПҮРЭВДОРЖ

content 2224 tata scaled

Тэрбээр 126 гишүүнтэй анхны парламентын дэд дарга. Амбиц нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших. Дэргэдийн хүмүүстээ бол дээгүүр толгой Пүүжээ гэдэг хочтой. Харин олон нийтэд хавирга Пүүжээ гэж дуудуулах болсон.

Б.Пүрэвдорж МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Гаалийн ерөнхий газарт байцаагчаар ажлын гараагаа эхэлж,  14 жил ажиллажээ. 

Ж.БАЯРМАА

content 2224 image 7

Жудагийн Баярмаа Ч.Лодойсамбуу гишүүний санаачилгыг дэмжиж гарын үсэг зурснаасаа болж намын даргадаа нэр цохон донгодуулсан. Өнөөдөр өрнөж буй үйл явцаас харахад АН-ыг гэрээгээ зөрчсөн гэж үзэж засгаас гаргах болсны нэг “буруутан” нь Ж.Баярмаа болж таарч байгаа юм.

Ж.Баярмаагийн ард С.Баярцогт, Ц.Элбэгдорж нар бий гэж хардах нь бий. Мөн түүнийг Ж.Оджаргалын нарийн бичгээр ажиллаж байсан, “М Си Эс”-ийн хүн гэж ч цоллодог.

Ч.ЛОДОЙСАМБУУ

content 2224 Ч

“Улаан бал” нэвтрүүлгээрээ олонд илүүтэй танигдсан. “Зууны мэдээ” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлсэн. “Шууд.мн”, “Шууд” телевизэд сэтгүүлч, эдүгээгийн АН-ын дарга Л.Гантөмөрийг сайд байхад Боловсрол, шинжлэх ухааны яаманд Хэвлэлийн төлөөлөгч, ТВ6, NTV телевизүүдэд продюсерээр ажиллаж байсан. MCS болон АПУ компанийн дэмжлэгээр УИХ-ын гишүүн болсон. Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг.  

Г.Ууганбаатар

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.