Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч гэргий болон хүндэт зочдын хамтаар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочидтой мэндчилсний дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Эзэн Хаан Нарүхито Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Айлчлалын үеэр Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцож, “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчэнлин хийд, Хустайн байгалийн цогцолборт газар, Ус сувгийн удирдах газар, Ундны усны “Гачууртын эх үүсвэр”, Монгол-Японы эмнэлэг болон боловсролын байгууллагуудаар зочлон манай орны түүх, соёл, зан заншилтай танилцаж байна. Мөн Монгол Улсад оршин суугаа япон иргэдийн төлөөлөл болон Японтой харилцаа холбоотой монгол иргэдийг хүлээн авч уулзах юм.
Монгол Улс, Япон улс 1972 онд дипломат харилцаа тогтоож, 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн, 2010 оноос “Стратегийн түншлэл”-ийн, 2022 оноос “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.