"МОНГОЛ УЛС ДАХЬ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН АМЬДРАЛЫН ТУРШЛАГА, ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ БАЙДАЛ" СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

"МОНГОЛ УЛС ДАХЬ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН АМЬДРАЛЫН ТУРШЛАГА, ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ БАЙДАЛ" СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Азийн хөгжлийн банкнаас эрэгтэйчүүдийн хандлага, зан үйл, амьдралын туршлагад үндэслэн хэрэгжүүлсэн "Монгол Улс дахь эрэгтэйчүүдийн амьдралын туршлага, хүчирхийлэл үйлдэх байдал" сэдэвт судалгааны үр дүнгээ танилцууллаа.

content 3431 Эрэгтэй1

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин "Эрэгтэйчүүдийн амьдралын туршлага болон хүчирхийлэл үйлдэх байдал, үүнд хамтран амьдрагч болон гэр бүлийн хүний эсрэг хүчирхийлэл, мөн хамтрагч бус эмэгтэйн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаар бид монголын анхны судалгааг хийсэн. Судалгаанд оролцогчдын амьдралын түүхээс харахад жендэрт суурилсан хүчирхийлэл нь хувь хүний туулсан амьдрал, хувийн болон дотно харилцаанаас гадна нийгэм, эдийн засгийн өргөн хүрээг хамарсан ноцтой асуудал болоод байна" гээд хүүхдийг үл хайхрах, бага насандаа туулсан сэтгэцийн гэмтэл, ажилгүйдэл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цочролууд бүгд хүчирхийллийг гааруулж байна. Эдгээр нь зүгээр нэг тоо баримт биш эдгээр нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхдүүд, олон нийтэд удаан хугацаанд сөргөөр нөлөөлж буй бодит байдал юм. Энэхүү нотолгоо нь бидэнд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх замаар үеэс үед дамжих хүчирхийллийг таслан зогсоох аргачлалыг анхаарах хэрэгтэйг сануулж байна хэмээн онцлов.

content 3431 Эрэгтэй2

Тус судалгааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын "Эрэгтэйчүүд ба хүчирхийлэл" олон улсын судалгааны арга зүйгээр хийсэн бөгөөд хот, хөдөө орон нутгийн 18-49 насны 400 эрэгтэйг хамруулж, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн тархалт, шалтгааныг тодорхойлсон. Судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн дийлэнх нь жендэрийн эрх тэгш байдлыг дэмждэг ч хүчирхийллийг өөгшүүлсэн хортой хэвшмэл ойлголт, зан үйл бодитоор оршсоор байна.

content 3431 Эрэгтэй3

Гол үр дүнг дурдвал:

Хамтрагчийн зүгээс үйлдэх хүчирхийлэл: Судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн 27% нь амьдралдаа хамтрагчийнхаа эсрэг бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан бөгөөд хамгийн түгээмэл хэлбэрийн хүчирхийлэл нь сэтгэл санааны дарамт (50%) байв.

Хамтрагч бус эмэгтэйн эсрэг бэлгийн хүчирхийлэл: Судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн 13% нь хамтрагч бус эмэгтэйг хүчиндсэн гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдний 7% нь бүлэглэн хүчиндсэн байна. Оролцогчдын ихэнх нь 20 нас хүрээгүй байхдаа анх удаа хүчин үйлдсэн байна.

content 3431 Эрэгтэй4

Эцгийн эрхт ёсны хэвшмэл ойлголт: Судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь "эмэгтэй хүн нөхрийнхөө өмнө дуулгавартай байх ёстой" гэж үзсэн бегеед тал орчим нь зарим тохиолдолд эхнэрээ зодохыг зөвтгөсөн байна.

Хүчирхийллийн тойрог: Бага насандаа хүчирхийлэлд өртсөн туршлага нь насанд хүрсэн хойноо хамтрагчийнхаа эсрэг хүчирхийлэл үйлдэх голлох шалтгаан болж байна.

content 3431 Эрэгтэй5

Нийгэм-эдийн засгийн дарамт: Ажилгүйдэл, эдийн засгийн тогтворгүй байдал, жендэрийн хортой хэм хэмжээ нь хамтрагчийн эсрэг хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа бегеед уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн хүндрэл энэ эрсдэлийг улам даамжруулж байна.

АХБ нь Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд техникийн туслалцаа, буцалтгүй тусламжийн төслөөр дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан Боловсролын яамтай хамтран жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

content 3431 Эрэгтэй6

Түүнчлэн АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн түвэгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог.

content 3431 Эрэгтэй7

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.