Хяналтын прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нарын шүүх хурал давхцсан тул Прокурорын ёс зүйн зөвлөлийн хурал хойшилжээ
Улсын ерөнхий прокурорын ёсзүйн зөвлөл оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хуралдаж, Нийслэлийн прокурор Г.Янжиндулам, Г.Баясгалан нарын асуудлыг хэлэлцэх байсан боловч тус хуралдаан хойшилсон. Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад "Гомдол гаргагч Г.Отгонтуяа “16 настай охин амиа алдсан хэрэгт хяналт тавьж ажилласан хяналтын прокуроруудыг ёс зүйн зөвлөлийн хуралдаанд оролцуулах хүсэлт” гаргасныг Прокурорын ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авч нэр бүхий прокуроруудыг хуралд оролцуулахаар ёс зүйн хурлыг хойшлуулсан" гэв. Өөрөөр хэлбэл, нэр бүхий прокуроруудын оролцох шүүх хурал тухайн өдөр давхацсан байсан байна.
Эргэн сануулахад, 16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу ийн хэлэлцэхээр болоод байна. Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг дээрх прокурорууд хэргийн хамжигч биш хохирогч гэж үзсэн. Иймд, “… прокурорын ёс зүй, үндсэн ажлын чиг үүргийг уландаа гишгэсэн” хэмээн үзэж, гомдол гаргаад буй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс ёс зүйн зөвлөлд хандаж гаргасан “прокурор ёс зүйн зөрчил гаргасан” тухай гомдол, хүсэлтийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Хяналт шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж шалгана. Прокурорын ёс зүйн зөвлөл нь прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй, орон тооны бус зөвлөл юм. Прокурор ёс зүй зөрчсөн эсэх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, дүгнэлт гаргана. Ёс зүйн зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг үндэслэн Улсын Ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргана.
УЕП-ын Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн УЕП Б.Жаргалсайхан тухайн прокуроруудыг хэрхэх эсэхээ шийдэх аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.