Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од өөрийн уран бүтээлүүдээ гэрээжүүлж, өнөөдөр яруу найрагч Загдын Түмэнжаргалын шүлгээр хийсэн дуунуудаа албажуулжээ
Саяхан соёлын сайд Ч.Ундрам караокенууд удахгүй тоолууртай болж олон улсын жишгийн дагуу зохиогчийн эрхийн төлбөр авдаг болох тухай ярьсан. Ингэхийн тулд зохиогчийн эрхийн бүртгэл олон улсын жишгийн дагуу албан ёсоор хийгдэх ёстой болно. Үүнээс гадна, олон улсын Оюуны өмчийн байгууллагууд болон гадаадын дуу, киноны эрх эзэмшигчид Монголын ФМ, ТВ, баар, диско клубүүдэд тоглогдож буй гадаад дууны зохиогчийн эрхийн төлбөрүүдийг Монгол Улсаас шаардаж, шахаж эхлээд байгаа. Гэтэл эргээд Монголын дуу хөгжмийн бүтээлийг Youtube, Instagram, TikTok зэрэг сошиал болон илүү том зах зээлтэй Хятад, Вьетнам зэрэг орнуудад зөвшөөрөлгүй ашиглаж байна.
Манай уран бүтээлчид зохиогчийн эрхийн тухай ярихын тулд дуу хөгжмөө эхлээд олон улсын стандартын дагуу албажуулж бүртгүүлж тусгай код авах ёстой. Үүний тулд эхлээд шүлэг ба хөгжмийн зохиолчид гэрээ байгуулж нэгдмэл бүтээл болгох ёстой. Тэгсний дараа лиценз, эрх зэргийг ном ёсоор олгох боломжтой болдог.
Монгол Улсын хуулийн дагуу зохиогчийн эрхийг ар гэр, үр хүүхэд нь 50 жилийн турш өвлөн ашиглах эрхтэй байдаг юм байна. Ингэж байж бид Монголын хамтлаг дуучдын дууг олон улсын зах зээлд ном ёсоор нь гаргаж, соёлын экспорт хийж валютын шинэ урсгалыг бий болгох юм. Энэ зорилгын хүрээнд хөгжмийн зохиолч Т.Сэр-Од өөрийн уран бүтээлүүдээ гэрээжүүлж байгаа бөгөөд өнөөдөр яруу найрагч Загдын Түмэнжаргалын шүлгээр хийсэн дуунуудаа албажууллаа. Цаашид энэхүү дуунуудын менежментийг өөрийн “ДоРе Саунд продакшн” компаниараа хийж хөгжүүлэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.