Чуулганы "тэн хагас"-т тасалсан, ёс зүйн дүрмийг ноцтойгоор удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна

Чуулганы "тэн хагас"-т тасалсан, ёс зүйн  дүрмийг ноцтойгоор удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна

 "Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өнөөдөр/2026.3.9/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "УИХ-ын гишүүний амлалт гэж байдаг. Энэ нь хоосон амлалт биш. Харин хуульд тусгагдсан, хариуцлага хүлээлгэх боломжтой зүйл юм. УИХ-ын тухай хуулийн 7.2-т ‘гишүүний тангараг’ гэж заасан байдаг. УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө ‘би нийт ард түмний элчийн хувьд…’ хэмээн тангараг өргөдөг. Энэ тангарагт ‘ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих’ гэсэн өгүүлбэрийг нэмж оруулж байгаа. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүн хавар, намрын чуулганы хуралдаанд 70-аас доошгүй хувьд биечлэн оролцох ёстой болно. Мөн зөвхөн хуралд суухаас гадна заавал биечлэн санал өгөх шаардлагатай. Ирцээ бүртгүүлээд, танхимаас гарч болохгүй. Ингэснээр ард түмнийг төлөөлөх зарчим бодитоор хэрэгжинэ.

Хэрэв гишүүн хуралдааны 70 хувьд оролцоогүй, эсвэл санал өгөөгүй тохиолдолд түүнийг эргүүлэн татах үндэслэл бий болно.

Эргүүлэн татах тухай өргөдөл, гомдлыг иргэд, сонгогчид УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гаргана. Ёс зүйн дэд хороо уг асуудлыг олон нийтэд нээлттэй байдлаар хэлэлцэж, улмаар Үндсэн хуулийн зөрчил гаргасан эсэх, тангаргаасаа няцсан эсэхийг Үндсэн хуулийн цэц эцэслэн тогтооно. Парламентын дархлааг бэхжүүлж, сайжруулах зорилгоор эдгээр өөрчлөлтийг хийж байгаа юм. Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эргүүлэн татах хууль, журмыг илүү тодорхой болгож байгаа органик хууль юм.

Хуулийн төсөлд ‘хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжинэ’ гэж тусгасан. Энэ хууль нь УИХ-ын үйл ажиллагаа, дэг журамд шинэ өөрчлөлт оруулж байгаа зүйл огт биш. Харин Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлыг илүү тодорхой болгох зорилготой юм. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд хариуцлагын тогтолцоо тодорхой бус байсан. Үүнээс шалтгаалан олон нийтийн парламентын засаглалд итгэх итгэл суларсан. Нөгөө талаас нийгмийн зүгээс хариуцлагын илүү тодорхой тогтолцоог бий болгох хүлээлт үүссэн. Энэ хууль нь УИХ-ын бүх гишүүдэд адилхан үйлчилнэ.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай тогтоол байдаг. Үүнд цалингийн 20 хувиар торгох шийтгэл бий.

Үүнээс өөрөөр хариуцлага хүлээлгэх боломж хязгаарлагдмал байсан. Харин УИХ-ын гишүүний өргөх тангарагт ‘ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих’ гэсэн заалтыг оруулснаар үүнийг дагасан хариуцлагын арга хэмжээг тодорхойлох тогтоолын төсөл батлагдах боломж бүрдэнэ. Энэхүү тогтоолын төслийг ч мөн Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг шууд эргүүлэн татах гэж байгаа хэрэг биш. Мөн Ерөнхийлөгч ёс зүйн хэм хэмжээг тогтоох гэж байгаа зүйл биш. Харин гишүүдийн хариуцлагын тогтолцоог илүү тодорхой, бодитой болгох зорилготой юм" гэв.

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.