Ардчилсан намынхан “гадаадын банк оруулж ирэх” хуулийг эсэргүүцэж бойкот хийж эхлэв үү?
Өчигдөр /2026.03.16/ Ардчилсан намын бүлгээс “УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаа өгөх хүртэл АН чуулганы хуралдаанд суухгүй” хэмээн мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн цаана “УИХ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болгох тохироо явагдаж эхлэв үү” гэх өнцөг өрнөж байгаа бол нөгөө талд Ардчилсан намаас бойкот хийж “гадаадын банк оруулж ирэх хуулийг хэлэлцэхгүй” байх магадлалтай гэх агуулга мөн хөндөгдөж эхэллээ.
Учир нь УИХ-ын дарга Н.Учрал хаврын чуулганаар гадаадын банкыг Монголд байгуулах эрх зүйн орчныг нээж, зээлийн хүүг бууруулах ёстой гэдэг хатуу байр суурь илэрхийлээд байгаа. Энэ талаараа "Таван жилийн өмнө гадаадын банк байгуулна гэж ярьсан бол "Энэ Н.Учрал гадны улсын гар хөл. Хятад хүн" гэж хэлэх байсан байх. Харин өнөөдөр хүмүүс алга ташиж байна. Уур амьсгал, иргэдийн сэтгэлгээ ийм болсон. Дээрээс нь үнэнтэй нүүр тулсан, зээлийн өндөр хүүгээс залхаж байна. Тиймээс ямар ч аргаар хамаагүй ард түмний амьжиргааг дээшлүүлж, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, зээлийг хүүг бууруул гэж байгаа. Тиймээс гадаадын банк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хаврын чуулганаар энэ эрх зүйн орчныг нээж өгнө. Банкны салбарт чөлөөлтийг нээнэ" хэмээсэн байдаг.
Хэрэв хууль эрх зүйн орчин бүрдэж манай улсад гадны банк ороод ирвэл дотоодын банкууд эрүүл өрсөлдөөнд орж, зээлдэгчдээ томрох биш хойноос нь гүйх цаг ирэх нь тодорхой. Цаашлаад 3-5 жилдээ зээлийн хүү 6 гаруй хувиар буурна гэж эдийн засагчид онцолж байгаа.
Үүнтэй холбоотойгоор дотоодын банкны эзэд эрх ашгаа хамгаалахын тул ийм бойкот явуулж байгаа болов уу гэх хардлага үүсээд байна.
М.Үүрийнтуяа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.