"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хохирогчид ес дэх өдрөө тэмцэж байна
"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хохирогчид төрийн ордны зүүн талд жагсч байна. Тэд үйлдвэрээ буцаан ашиглалтад орохыг, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг огцрохыг шаардан 9 өдрөө тэмцэж буй юм. "Зэс эрдэнийн хувь" ХХК нь 24500 гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд санхүү эрхэлсэн захирал Э.Батбаяр тус компаниас 70 тэрбум төгрөг завшсан. Үүнийг өөрийн ах Э.Бат-Амгалантай хамтарч хийсэн гэж үзэн хариуцлага хүлээн огцрохыг шаардаж байна гэж хувьцаа эзэмшигчид онцоллоо.
“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Дөлгөөнтамир хэлэхдээ, “Бид хоёр долоо хоногийн турш асуудлаа шийдвэрлүүлэх гэж жагсаж байна. Сайд Э.Бат-Амгалан, түүний төрсөн дүү Э.Батбаяр нар хувьцаа эзэмшигчдийн 70 тэрбум төгрөгийг яаралтай буцаан өгөх хэрэгтэй. Мөнгө мөртэй гэдгийг хэлмээр байна. Ёс бус аргаар хууль зөрчин байж хулгайлсан 70 тэрбум төгрөгийг хувьдаа шамшигдуулна гэдэг үнэхээр дампуу үйлдэл. Тиймээс 70 тэрбум төгрөгийг 25 мянган хувьцаа эзэмшигчдэд заавал өгөх ёстой.
Хувьцаа эзэмшигчид сайд Э.Бат-Амгалантай уулзах гэж яамны гадна нойтон өлсгөлөн зарласан. Бид бүхний өлсгөлөн 76 цагийн турш үргэлжилсэн бөгөөд Эрүүл мэндийн газраас өлсгөлөнг дахин үргэлжлүүлэхгүй байх шаардлага тавьсны дагуу түр зогсоосон. Хамгийн сүүлийн өдөр сайд Э.Бат-Амгалан намайг албан өрөөндөө дуудаж өлсгөлөнгөө зогсоо, юу хүсэж байна, ямар хэрэгцээ байна гэдгийг асуусан. Харин би хууль бусаар хувьдаа шамшигдуулсан 70 тэрбум төгрөгөө буцаагаад өг, гурван жилийн хугацаанд 25 мянган хувьцаа эзэмшигчид ногдол ашиг аваагүй, ажилчдын хүртэх ёстой ногдол ашгийг та хоёр авсан тул хурдан өгөх ёстой гэдэг шаардлагаа тавьж, өрөөнөөс нь гарсан. Бид бүхэн өлсгөлөнгөө дахин үргэлжлүүлнэ. "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн түр хорооны гишүүдээс 28 хүн өлсгөлөн зарлах нэрсээ өгсөн. Үүний дийлэнх хувь нь настай хүмүүс байгаа учир бид бүхэн дотооддоо давхар ярилцаж байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.