ЦЕГ: Эмзэг мэдээллийг нь тараана гэж сүрдүүлж бусдаас 50 сая төгрөг авсан тул сэтгүүлчийг шалгаж байна

ЦЕГ: Эмзэг мэдээллийг нь тараана гэж сүрдүүлж бусдаас 50 сая төгрөг авсан тул сэтгүүлчийг шалгаж байна

Эрүүгийн цагдаагийн албан хаагч гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс “Нэгүүн.мн” вэб сайтын сэтгүүлчийг прокурорын зөвшөөрөлгүйгээр саатуулан, шалгахыг завдсан. Улмаар тус редакцын удирдлагын эрүүл мэнд муудаж, эмнэлгийн тусламж авсан тухай асуудал үүсээд байна.

“Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч энэ сарын 18-ны өдөр албан өрөөндөө архидан согтуурч зүй бус авирлаж буй албан тушаалтны дүрс, бичлэгийг олон нийтэд цацсан. Үүнтэй холбоотойгоор хууль бусаар шалгаж, саатуулах гэж байна гэх асуудлыг хөндөж буй.

Харин ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг “Иргэнээс хувийн эмзэг мэдээллийг ашиглан сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан этгээдүүдэд холбогдох гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын даргын ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой биш” гэж мэдэгдсэн.

Эдгээр үүсээд буй асуудлаар ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийв. Хурандаа Г.Пүрэвдэлгэр “Иргэн Д-ээс “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч У нь цахим орчинд миний эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлж 50 сая төгрөг авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн.  Энэ дагуу шалгахад нэр бүхий сэтгүүлч нь иргэн Д-ийн эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээнэ гэж сүрдүүлсэн. Улмаар иргэн Д 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр сэтгүүлч У-д 50 сая төгрөг өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.