Н.Мөнхнасан: Дансаа нээлгэмээр байна Ерөнхий сайд аа!

Н.Мөнхнасан: Дансаа нээлгэмээр байна Ерөнхий сайд аа!

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавар гаргаж, татварын өрийн улмаас хаагдсан 12,100 аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээх шийдвэр гаргалаа. Шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд түгжигдсэн дансууд нээгдсэнээр компаниуд зөвхөн орлого хүлээн авах бус, зарлага гаргах боломжтой болж байна. Ингэснээр үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолжээ.

Үүнтэй холбоотойгоор Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан "дансаа нээлгэе" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр хэлэхдээ,

"Дансаа нээлгэе аа! Шинэ Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн хаагдсан данснуудыг нээх шийдвэр гаргасан байна. Монцементийн 2 данс хаалттай хэвээр байгаа ба Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу нээнэ хэмээн итгэж сууна. Бид хуулийн дагуу татвараа цаг тухайд нь төлдөг, хариуцлагатай үйлдвэрлэл, ногоон хөгжлийг түүчээлэн салбартаа олон улсын сайн жишиг тогтоохын төлөө хичээн ажилласаар ирсэн үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч хамт олон юм. Бидний дансыг хаах ямар ч шалтгаан байхгүй.
Монцементийн хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т заасан татварын дэмжлэгийг 11 жилийн турш авч чадаагүй, энэ хугацаанд 14 удаа данс хаах мэдэгдэл авч, 2 удаа данснаас зөвшөөрөлгүй мөнгөн хөрөнгө татагдаж байсан тохиолдлууд бий. Тасралтгүй данс хаах мэдэгдэл, дарамт шахалт ирсээр байсан ийм нөхцөлд арга буюу НӨАТ-ын илүү төлөлтөөс суутган тооцуулах хүсэлтийг гаргахад баталгаажуулах, систем хөгжүүлэх зэрэг 2 жил гаруй хугацаа мөн л зарцуулагдсан. Энэ мэт хуулийн гажуудал нь Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломж бололцоог хааж буй бөгөөд цаашид батлагдах хуулиуд, татварын багц хуулийн шинэчлэлийг дорвитой бөгөөд аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болохуйцаар мөн хоорондоо уялдаатай хийгдэх нь нэн чухал байгааг шинэ засаг ойлгож ард иргэд аж ахуйн нэгжийнхээ төлөө Монголын засгийн газар баймаар байна!" хэмээв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.