У.Хүрэлсүх: Төр улстай тэрсэлсэн, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлдэггүй, ажилдаа ирдэггүй, ард түмнээ доромжилдог ийм этгээдүүдтэй бол Монголын төр, ард түмэн хариуцлага тооцох ёстой

У.Хүрэлсүх: Төр улстай тэрсэлсэн, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлдэггүй, ажилдаа ирдэггүй, ард түмнээ доромжилдог ийм этгээдүүдтэй бол Монголын төр, ард түмэн хариуцлага тооцох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн санаачилсан "УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах" хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ,

Энэ парламентад хулгайч дээрэмчид, ёс зүйгүй хүмүүс байна. Тэр хүмүүсээс бид салах ёстой. Монгол улс парламентын засаглалтай юм бол парламентын дархлаа маш өндөр байх ёстой. Төрийн тэргүүн улсынхаа нэр хүндийг бодож төрт ёсныхоо түүхэн уламжлалыг бодож Монголын парламент хүчтэй дархлаатай Монгол төрийн босго өндөр байгаасай билээ гэж бодож ард түмнийхээ захиасаар энэ хуулийг өргөн барьж байгаа. Энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүс бас байгаа. Ямар хүмүүс эсэргүүцэж байгааг та бүхэн сайн харж, ойлгож, мэдрэх байх гэж бодож байна.

Би өнөөдөр түүхийн тухай ярьж байгаа учраас төрт ёсныхоо асуудалтай холбож энэ асуудлыг өөрийнхөө гал голомт болсон төрийн ордонд ирсэн эрхэм хүндэт Монгол төрийн дархлааг хамгаалж байгаа эрхэм түүхчид та бүхнээс асууж байгаа юм. Монгол улс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль байтугай эцэг эхийн эрхийг хасдаг хуультай орон шүү дээ. Төр улстай тэрсэлсэн, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлдэггүй, ажилдаа ирдэггүй, ард түмнээ доромжилдог ийм этгээдүүдтэй бол Монголын төр, ард түмэн хариуцлага тооцох ёстой. Үүнээс Ерөнхийлөгч огт ухрахгүй. Би маш их эр зориг гаргаж ажиллаж байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх.

Төрийн тэргүүний хүч чадал ард түмнийхээ дэмжлэгт оршдог. Өнөөдөр Монголд хэн ч хаан болохгүй. Өнөөдөр Монголд ёс зүйн асуудлыг л төрийн тэргүүн тавьж байгаа. хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх гээгүй. Хэн нэгэн хүнийг шийтгэх гээгүй. Монголын төр цэвэр ариун байгаасай гэж бодож энэ асуудлыг тавьж байгаа. Миний Ерөнхийлөгч байх хугацаа ирэх жил дуусна. Би өөрийгөө дахиж нэр дэвшүүлэхгүй сонгохгүй надад тийм бодол санаа байхгүй гэдгийг маш олон удаа хэлж байгаа. Би энэ байх хугацаандаа харин Монгол төрөө цэвэрлэж өгөх юм сан гэсэн чин сэтгэл миний зүрх сэтгэл дотор байна. Тэрний илэрхийлэл нь миний гаргаж байгаа эр зоригийн асуудал гэдгийг эрхэм түүхчид та бүхэн тунгааж бодоорой гэж зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна” гэлээ.

Эргэн сануулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хууль санаачилж УИХ-д өргөн барьсан билээ. УИХ-ын чуулганаар өнгөрөгч долоо хоногт тус хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн. Гэвч санал хураалтын мөчид УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин хүсэлт гаргасан тул санал хураалтыг ирэх долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы хуралдаан хүртэл хойшлуулах нөхцөл байдал бүрдсэн юм. Тиймээс маргааш /2026.04.16/ УИХ-ын чуулганы хуралдаанаар санал хураалт явагдах юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.