С.Баярцогтын томилгоо ба Ерөнхийлөгчийн сонгууль
Ерөнхийлөгчийн сонгуулийн дуу ойртож улс төрийн намууд хаа хаанаа бодолтой бодлоготой нүүдэл хийж байгаа нь нууц биш. Түүний нэг илрэл бол Ерөнхий сайд асан Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн явдал байлаа. Олон нийт түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх нь гэж төвөггүйхэн ойлгосон.
Харин Ардчилсан намын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх чин хүсэлтэй хэд хэдэн горилогчид бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн боловч Хөгжлийн банкны хэрэг түүний хөлд одоо ч тушаатай байна. Саяхан /2026.03.10/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд "Хөгжлийн банкны" шүүх хурал болж УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Шүүхийн шийдвэрийг сайн ойлгоогүй. Ямар ч байсан гурав цагаадсан байна. Өнөөдөр хүчингүй болчихлоо. Бусад учрыг нь ойлгосонгүй. Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй. Мянга буцсан ч байхгүй. Улс төрийн л хэрэг яваад байгаа. Алтанхуяг гэдэг хүнийг явуулахгүй байх юм сан л гэдэг санаа. Хөлийг нь тушаад дөрвөн жил боллоо. Цаг хугацаа л аваад байна. Надад Хөгжлийн банкны удирдлагатай харилцах шаардлага байхгүй. Ямар ч харилцаа байхгүй" гэсэн байдаг. Н.Алтанхуягийн тухайд парламентад олон жил ажилласан туршлагатай улс төрч, бас ч гэж харизмтай, масстай зэрэг өнцгүүдээрээ Ерөнхийлөгчийн сонгуулийг илүү өрнөлтэй болгох кандидатуудын нэг.
Тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлээд байгаа хоёр дахь улс төрч бол АН-ын дарга асан Л.Гантөмөр. Мөн дараагийн боломжит хувилбар нь С.Баярцогт. Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүрмөсөн алга болдоггүй. Харин тохироо бүрдвэл дахин гарч ирдэг. С.Баярцогтыг тэдний нэг гэж болно. Сүүлийн үед түүнийг том албан тушаалд өрсөлдөх гэж байна гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн. Тэр нь өнөөдөр тодорхой болов. Учир нь өчигдөр /2026.04.15/ АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж С.Баярцогтыг 73 хувийн саналаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
Эл томилгоо нь түүний Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэж буй анхны бодитой алхам болов уу. Ерөнхийлөгчийн сонгууль бол намын аппаратын тоглоом биш, ард түмний саналын өрсөлдөөн байдаг. Нам дотроо хүчтэй байх нь хангалтгүй гэсэн үг. Тэр ч утгаараа Монгол Улсын төрийн тэргүүний сонгуульд АН-ынхан адтай ч, одтой ч оролцдог. Өнөөг хүртэл Монгол Улс зургаан Ерөнхийлөгчтэй байсны гурав нь МАН-аас, гурав нь АН-аас нэр дэвшин сонгогдож байв. 1992 оны шинэ Үндсэн хуулиа баталснаас хойших жилүүдийн олонхид нь Ардын нам засагласан ч ард түмэн Ерөнхийлөгчөө сонгохдоо АН-ыг хэзээ ч хаяж байгаагүй. Магадгүй энэ нь монголчууд Төрийн тэргүүнээ сонгохдоо улс төрийн намын улаан, цэнхэр өнгөнд нь бус, нэр дэвшигчдийг нь илүүтэй хардагтай холбоотой байж мэднэ. Ямартай ч зөв хүнээ олж нэр дэвшүүлж чадвал УИХ-ын гурван сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиуд гээд дараалсан олон ялагдлынхаа дараа ялалт байгуулах боломж АН-д одоо ирж байж болох юм.
М.Үүрийнтуяа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.