Д.Тогтохсүрэн жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын дарга, бусад сайдууд тойрогт үзэлцэнэ

Д.Тогтохсүрэн жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын дарга, бусад сайдууд тойрогт үзэлцэнэ

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох улс төрийн намууд тодорхой болсон. Тэгвэл нэр дэвшигчдийн нэрс 10 хоногийн дараа эцэслэн тодорно. Энэ удаагийн сонгуульд намын жагсаалтаар 48 хүнийг нэр дэвшүүлэх хуулийн зохицуулалттай. Тухайлбал МАН, АН-ын удирдлагууд эмч, багш, инженер, эрдэмтэн судлаач, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг намын жагсаалтаар нэр дэвшүүлэхээ зарласан. Тиймдээ ч мөнгөтэй, бэлтэй намын гишүүд жагсаалтаар орохоор зэхэж буй. 

Харин нам, улс төрийн өндөр дээд албан тушаалтнууд тойрогт нэр дэвшихээр зүтгэж байгаа. Эртнээс замаа бэлдэж, тойргоо услаж эхэлцгээсэн. МАН-ын хувьд, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарыг тойрогт нэр дэвшихийг намын удирдлагууд нь чиглэл болгожээ. 

Сонгуулийн I дүгээр тойрогт МАН-аас нэр дэвших хүсэлтээ намынхаа Удирдах зөвлөлд 13 хүн өгчээ. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Ганболд, С.Чинзориг, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, УИХ-ын МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, МАН-ын бүлгийн зөвлөх Б.Энхтүвшин нарын 13 хүн нэр дэвшихээ илэрхийлсэн.

Эдгээрээс намын жагсаалтаар нэр дэвших магадлал өндөртэй нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гэнэ. Тэрээр УИХ-д хоёр удаа сонгогдож, зургаан жил нь бүлгийн дарга хийсэн. Тиймдээ ч эл нэр хүндээ ашиглан жагсаалтаар төвөггүй тодрох хүсэлтэй байгаа талаарх яриа саарал ордноор нэг хөвөрчээ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.