Л.Оюун-Эрдэнэ таван удаа мэтгэлцээнд дуудагдсан ч хамраа ч цухуйлгасангүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг таван удаа мэтгэлцээнд дууджээ. Найман жил засагласан эрх баригч намын дарга гэдэг утгаар нь түүнтэй олон ч нэр дэвшигч мэтгэлцэхийг хүсэж байна. Хамгийн анх Комедиан Д.Амартүвшин, иргэн Д.Монголхүү нар “Ковидын үеийн бодлого”-оор мэтгэлцээнд дуудсан. Үргэлжлүүлэн түүнийг АН-аас нэр дэвшигч Ж.Батзандан “Шударга 5”-ын амлалт, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “С.Зоригийг хөнөөсөн хэрэг”-ээр мэтгэлцээнд дуудаж байв.
Харин сонгуулийн жил эхэлснээс хойш “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр ирээдүйн хөгжлийн бодлогын асуудлаар Ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудсан юм. Тэрбээр УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгөхдөө ч 2050 бодлогод алдаа, дутагдал байгааг дурдаад засаж, залруулах хэлэлцүүлэг зайлшгүй хийх ёстой гэж байв.
Мөн Л.Оюун-Эрдэнийг Ч.Лодойсамбуу саяхан “Сүүлийн 8 жил” гэсэн сэдвээр мэтгэлцээнд дууджээ. Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ хамраа ч цухуйлгасангүй. Гарч ирээд зоригтойхон дуугарч чадахгүй байгаа учрыг нь намын гишүүд нь ч ойлгож чадахгүй байгаа гэх.
Тэрээр айж, гүлдийсээр ганц ч удаа мэтгэлцэлгүй сонгуулийн сурталчилгааны хугацааг дуусгах бололтой. “Цагтаа цалгиж явсан юм” гэгчээр Л.Оюун-Эрдэнэ 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Мэтгэлцээнийг 3-4 үе шаттай сонгодог утгаар нь хийх соёл тогтох нь л чухал...”, “Мэтгэлцээн шахаад хийчих л дээ. Цаашдаа сайн засаглалд чухал соёл тогтоно. Бусад аль ч сурталчилгаа утгаа алдана” гэх зэргээр жиргэж байжээ. Уриалан дуудсан улс төрийн соёл нь Ерөнхий сайд болсных нь дараа дашийн шог болсон юм даг уу даа.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.