Төвөдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатааж амиа алджээ
АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна Төвөдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, 52 настай Лобсанг Палден өөрийгөө шатааж улмаар эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амиа алдлаа
Энэхүү эмгэнэлт явдал 2026 оны долдугаар сарын 2-ны Пүрэв гарагийн 18.30 цагийн орчимд болсон бөгөөд АНУ-ын газар нутаг дээр Төвөдийн тэмцэгч өөрийгөө шатаасан анхны тохиолдол болж байна. Хэргийн газарт ирсэн Нью-Йорк хотын цагдаагийн газрын алба хаагчид хүнд түлэгдсэн тэмцэгчийг Белльвю эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч эмч нар түүнийг амиа алдсаныг албан ёсоор зарлажээ.
Амиа алдсан тэмцэгчийг олон нийт Лобга Рангзен гэдэг нэрээр нь сайн мэддэг бөгөөд тэрээр Нью-Йорк хотын Квинс дүүрэгт амьдардаг байжээ. Төвөдийн зүүн хэсэгт төрж өссөн, урьд нь лам байсан тэрээр орон нутагтаа (Uber) таксины жолоочоор ажилладаг байжээ. Рангзен нь Нью-Йорк болон Нью-Жерси мужийн Төвөдийн үндэсний конгрессын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан, Төвөдийн тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, олон нийтийн нөлөө бүхий зүтгэлтэн байсныг ойр дотныхон нь онцолж байна. Тэрээр амь насаа золиослохоос өмнө Төвөдийн тусгаар тогтнол, эв нэгдлийг уриалсан шууд дамжуулалт хийж эцсийн илгээлтээ үлдээжээ. "Чөлөөт Төвөдийн төлөөх оюутнууд" (SFT) байгууллагын мэдээлснээр, тэрээр олон нийтэд хандан "Миний араас бүү гашууд, харин Төвөдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ үргэлжлүүл. Учир нь тусгаар тогтнол үгүй байх нь бидний бүх зовлон зүдгүүрийн үндэс юм. Төвөд ялах болно, Төвөдийн тусгаар тогтнол мандан бадраг" хэмээн уриалсан байна. Түүний хамтран зүтгэгч, таксины жолооч Лобсанг Палжор хэлэхдээ, Рангзен Хятадын засгийн газраас Төвөдийн ард түмний эсрэг хэрэгжүүлж буй хатуу хяналт, шахалт хавчилтад туйлын их бухимдаж явдаг байсныг онцолжээ.
Тэмцэгчийн эсэргүүцлийн үйлдэл нь Бээжингийн зүгээс маргаантай шинэ хууль хэрэгжүүлж эхэлснээс хэдхэн хоногийн дараа болсон юм. Хятадын эрх баригчдын баталсан "Үндэстнүүдийн эв нэгдлийн хууль" нь Төвөд, Уйгар зэрэг үндэсний цөөнхүүдийг нэгтгэж, нэгдсэн үндэсний ижилслийг бий болгох зорилготой гэж Бээжин тайлбарлаж байгаа юм. Гэвч уг хуулийг Төвөдийн эрх хамгаалагчид эрс эсэргүүцэж байгаа бөгөөд АНУ болон Европын Холбоо үүнд гүнээ түгшиж буйгаа илэрхийлсэн байна. Хүний эрхийн байгууллагууд уг хуулийг Төвөдийн өв соёл, хэл, үндэсний ижилслийг устгах "албадан уусгах" бодлого гэж үзэж байгаа бөгөөд Хятадын хил хязгаараас гадна байгаа тэмцэгчдийг ч хуулийн дагуу мөрдөн мөшгих боломжийг Бээжинд олгож байна хэмээн шүүмжилж байна. Төвөдийн дүрвэгсдийн засгийн газрын тэргүүн Пенпа Цэринг Олон улсын Төвөдийн залуучуудын чуулга уулзалтын үеэр үг хэлэхдээ, Рангзений Төвөдийн төлөөх зүтгэлийг өндрөөр үнэлж, гүн эмгэнэл илэрхийлэв. Мөн Төвөдийн төлөөх олон улсын хөдөлгөөний (ICT) ерөнхийлөгч Тэнчо Гяцо түүнийг Төвөдийн төлөө цуцалтгүй тэмцэгч байсныг дурдаад олон улсын хамтын нийгэмлэгийг Төвөд дэх хүний эрхийн хямралд анхаарал хандуулахыг уриаллаа. Эмнести Интернэшнл байгууллагын бүсийн дэд захирал Сара Брүүкс өөрийгөө шатаах үйлдэл нь Хятадын зүгээс үзүүлж буй урт хугацааны дарамт шахалтыг илтгэсэн туйлын хурц хэлбэрийн эсэргүүцэл болохыг тэмдэглэсэн байна. Харин Хятадын засгийн газар Төвөдөд хүний эрх зөрчиж байгаа гэх буруутгалыг няцааж, 1950 онд Төвөдийг "тайван замаар чөлөөлсөн" гэх байр сууриа хамгаалсаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.