ДАШТ-ий шөвгийн наймын эхний тоглолт Франц, Мароккогийн дунд өрнөнө
2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын шатны тоглолтууд эхэлж байна. Энэ шатны салхийг хагалж Францын шигшээ баг Африкийн хүчирхэг төлөөлөл Мароккогийн багтай нүүр тулна. Тоглолт манай цагаар долоодугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 04.00 цаг эхэлнэ.
Хоёр удаагийн дэлхийн аварга, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт Францын баг энэ удаагийн тэмцээнд хамгийн тогтвортой тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд таван тоглолтод дараалан ялалт байгуулахдаа 14 гоол оруулж, хаалгандаа ердөө хоёрхон гоол алдаад байна. Килиан Мбаппе тэргүүтэй Францын довтолгооны шугам тун аюултай байгаа ч тэдний дараагийн өрсөлдөгч Марокко тийм ч амар бууж өгөхгүй нь мэдээж.
Багуудын шөвгийн наймд хүрсэн замнал
Францын шигшээ баг "I" хэсэгт Норвеги, Сенегал, Иракийн багуудыг хожиж, есөн оноотойгоор итгэл төгс тэргүүлсэн. Үүний дараа шөвгийн 32-т Шведийг 3-0 харьцаатай бут ниргэж, шөвгийн 16-д Парагвайн хамгаалалтыг сэтлэн 1:0 харьцаатай ялалт байгуулсан юм.
Харин Мароккогийн шигшээ баг "С" хэсэгт Шотланд, Гаитиг хожиж, Бразилтай тэнцсэнээр 7 оноотойгоор хоёрдугаар байраар шалгарсан. Хасагдах шатны эхний тоглолтод тэд Нидерландын хүчирхэг багийг торгуулийн цохилтоор 3-2 харьцаатай буулган авч, улмаар шөвгийн 16-д Канадыг 3-0 харьцаатайгаар илүүрхэн хожсон байна.
Марокко: Зөвхөн дуулиан таригч биш, аваргын төлөөх жинхэнэ өрсөлдөгч
Дөрвөн жилийн өмнө Катар улсад болсон ДАШТ-ээр Мароккогийн баг Испани, Португалыг хожиж, хагас шигшээд шалгарсан анхны Африк болон Арабын улс болж түүх бүтээсэн. Тэр үед тэднийг гэнэтийн бэлэг баригчид гэж харж байсан бол өнөөдөр тэд дэлхийн хэмжээний хүчирхэг баг болжээ. 2025 оны Африкийн үндэстнүүдийн цомын аварга, сүүлийн 34 тоглолтод ялагдаагүй яваа Мароккогийн шигшээ баг дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгдэж байна.
Гэвч Мароккогийн багт нэг муу мэдээ байгаа нь тэдний гол тоглогч Исмаэль Сайбари бэртлийн улмаас энэ тоглолтыг өнжихөөр болсон явдал юм. Тэрээр хэсгийн гурван тоглолтод дараалан гоолдож, Нидерландын эсрэг шийдвэрлэх торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн билээ. Түүний бэртэл Мароккогийн довтолгооны хүчийг сулруулж магадгүй ч тэдэнд Брахим Диас тэргүүтэй шилдэг тоглогчид бий.
Франц ялалт байгуулах өөр өөр арга замыг олсоор байна
Килиан Мбаппе таван тоглолтод долоон гоол оруулж, "Алтан шаахай" хүртэх хамгийн өндөр магадлалтай тоглогчоор нэрлэгдэж байна. Францын баг Парагвайн эсрэг хүнд тоглолтоос ялалт байгуулж чадсан нь тэднийг зөвхөн довтолгоо сайтай төдийгүй хүнд нөхцөлд тэсвэр тэвчээртэй тоглож чаддаг болохыг харуулсан юм.
Францын туслах дасгалжуулагч Ги Стефан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Парагвайн эсрэг тоглолт нь залуу тоглогчдын хувьд сэтгэл зүйн хувьд хэр зэрэг төлөвшсөнийг харуулсан чухал сорилт болсон гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: aljazeera.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.