“Балетын олимп”-оос 33 жилийн дараах медалийг авч ирсэн Б.Дөлгөөн, тусгай байр эзэлсэн Л.Энхжин нарт МУСТА цол хүртээлээ
“Москвагийн Олон Улсын Балетын XV уралдаан”ОХУ-ын Москва хотноо 2026 оны зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд Большой театрт зохион байгуулагдлаа. Уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 358 бүжигчин оролцох хүсэлт ирүүлснээс 158 оролцогч шалгарч, АНУ, Орос, Япон, Хятад, Беларусь, Бүгд Найрамдах Солонгос, Словени, Серби, Армени, Шведийн уран бүтээлчид оролцож ялагчдаа тодруулав.

Москвагийн Олон Улсын Балетын XV уралдаан (XV Moscow International Ballet Competition)-д Монгол Улсыг төлөөлөн оролцсон балетын жүжигчид өндөр амжилт үзүүллээ.
Монгол Улсын балетын түүхэнд тус уралдаанд 1981 онд Монгол Улсын ардын жүжигчин Ю.Оюун хүрэл медаль хүртэж, О.Батсайхан дипломат болж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Жамъяндагва шилдэг бүжиг дэглээчийн шагнал гардаж байсан бол 1993 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан У.Бат-Эрдэнэ мөнгөн медаль, 2022 онд Ө.Мөнхжин дипломат болсон амжилт үзүүлжээ.

Энэ удаа Монголын Улсын уран бүтээлчид 33 жилийн дараа дахин түүхэн амжилт үзүүлж, Б.Дөлгөөн – Хүрэл медаль, Л.Энхжин – Дипломат (Тусгай байр), Б.Буянтогтох – Сертификат, Ү.Анар – Сертификат хүртэж, нийт оролцогчид гуравдугаар шатанд шалгарсан өндөр амжилт үзүүллээ.
Уран бүтээлчдийн энэхүү гавьяа, соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 94 дүгээр зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/227 дугаар тушаалыг тус тус үндэслэн УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчин Батболдын Дөлгөөн, Лхагвапүрэвийн Энхжин нарыг салбарын дээд шагнал болох “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг гардууллаа.

Монголын балетын урлагийн өнөөгийн түвшин, багш шавийн уйгагүй хөдөлмөрийг илтгэсэн энэхүү бахархам ялалт нь эх орныхоо нэр хүндийг дэлхийд өндөрт өргөж, олон улсын жуулчид хийгээд урлаг судлаачдын анхаарлыг Монгол Улс руу чиглүүлэхэд томоохон түлхэц үзүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.