Японы баруун өмнөд арлуудад хар салхи ойртож, өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
Япон улсын баруун өмнөд хэсэгт орших алслагдсан арлуудыг чиглэн маш хүчтэй "Бави" хар салхи ойртож байгаатай холбогдуулан эрх баригчид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.
- Салхины хурд цагт 162 километр хүрч буй "Бави" хар салхи Японы Сакишима арлуудад ойртож байгаа бөгөөд хүчтэй салхи, аадар бороо, хөрсний гулгалт, үерийн гамшиг дагуулж болзошгүй байна.
- Ишигаки арлын оршин суугчид болон бизнес эрхлэгчид эд хөрөнгөө хамгаалж, хүнсний нөөц бүрдүүлж байгаа бол зарим олон нийтийн газрууд үүдээ барьжээ.
- Тайвань улс мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, захуудыг хааж, шуурга ойртож байгаатай холбогдуулан элсний шуудай тараах цэгүүдийг байгуулсан байна.
Долоодугаар сарын 10-ны өглөөний байдлаар "Бави" хар салхи Тайваньтай ойролцоо орших Японы Сакишима арлуудын бүлэгт тулж ирсэн бөгөөд салхины дээд хурд 162 км/цагт хүрчээ. Энэ нь сүүлийн жилүүдэд тус бүс нутагт нүүрлээгүй хамгийн их хохирол учруулж болзошгүй хүчтэй шуурга байж магадгүй хэмээн цаг уурчид үзэж байна.
Аялагчдын очих дуртай газруудын нэг болох Ишигаки аралд оршин суугчид хүнсний дэлгүүрүүдээс бэлэн гоймон зэрэг удаан хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүнийг олноор нь худалдан авч, лангуунууд хоосорчээ. Хар салхи ирэхээс өмнө аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн наран шарлагын газрууд, далайн эргийн цэцэрлэгт хүрээлэнгүүд болон орон нутгийн гатлага онгоцны зогсоолууд үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ эрхлэгч Хироши Номура дэлгүүрийнхээ гадна талд салхины хамгаалалттай тор татаж байхдаа "Энэ удаагийн хар салхи нэлээд том байх болно гэж сонссон. Бидний бэлтгэл ажил хангалттай эсэхэд бага зэрэг санаа зовж байна" хэмээн ярьжээ. Ишигаки арлын ихэнх байгууламжууд цонхоо скочоор нааж, салхины хамгаалалттай тор татсан дүр зурагтай байна.
Нислэгүүд цуцлагдаж, хөрш орнууд бэлэн байдалд шилжив
Байгалийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус бүс нутагт үйлдэгдэх олон арван нислэгийг цуцалсны дотор долдугаар сарын 11-ний өдрийн нислэгүүд ч багтжээ.
Хөрш зэргэлдээ Тайвань улсад санхүүгийн зах зээлүүд үүдээ барьж, хойд болон зүүн бүс нутгийн ихэнх хэсэгт ажлын өдрийг зогсоосон байна. Тайбэй хотын захиргаанаас иргэдэд үерийн уснаас хамгаалах зориулалттай элсний шуудай тараах тусгай цэгүүдийг байгуулжээ. Түүнчлэн Тайванийн агаарын тээврийн компаниуд Тайбэй хотын гадна байрлах Таоюань олон улсын нисэх онгоцны буудлаас долдугаар сарын 11-нд үйлдэгдэх бүх нислэгээ цуцалсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр "Бави" хар салхи Тайванийн эх газарт шууд хүрэхгүй ч долдугаар сарын 10-ны оройноос эхлэн тус аралд их хэмжээний хур тунадас унагах төлөвтэй байна. Үүний дараагаар БНХАУ-ын эрэг орчмыг чиглэх бөгөөд замдаа хүч нь сулрах хандлагатай байгаа ажээ.
Япон болон Тайвань зэрэг Номхон далайн баруун хэсгийн орнууд нь газарзүйн байршлын хувьд зун, намрын улиралд далайн хар салхинд өртөх нь элбэг байдаг. Тиймээс орон нутгийн засаг захиргаа болон иргэд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, эд хөрөнгө, амь насаа хамгаалах тал дээр өндөр туршлагажсан байдаг хэдий ч энэ удаагийн "Бави" хар салхины хүч, хамрах хүрээ нь онцгой анхаарал шаардаж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж: straitstimes.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.