#1: С.Амарсайханд “гомдсон” Г.Занданшатарын нэр төрийг АТГ хамгаалуулах уу
МАН доторх дайн С.Амарсайхан, Г.Занданшатар нарын байлдаанаар үргэлжилж байна. Тэдний дайн С.Амарсайханыг Г.Занданшатарын Засгийн газрын Шадар сайдаас огцруулсанаас эхлэлтэй гэж харагддаг. Үүнд, 30/38 хагарлын нөлөө асар их бий. Хамгийн том шалтгаан нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Үүнээс урьтаж эрх баригч намынхны нэгнээ намнах ажиллагаа гэж хэлж болно. Улс төрийн тавцанд үүссэн тэдний сөргөлдөөн зөвхөн хоёр улс төрчийн хувийн таарамжгүй харилцаа биш, харин эрх баригчдын дотоод фракц, бүлэглэлүүдийн эрх мэдлийн дахин хуваарилалт, эдийн засгийн ашиг сонирхлын тулаан гэдгийг харуулж байна.
Тэдний дунд чухам юу өрнөв, цаад учир шалтгаан юув гэдгийг өнгийж харахаас аргагүй.
Хагарлын эхлэл:
Маргааны ил харагдах галт уул 2025 оны 10 дугаар сард дэлбэрсэн юм. Тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынхаа Шадар сайд С.Амарсайханыг "Хариуцлагын гэрээ зөрчсөн, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж оролдсон, танхимынхаа эсрэг кноп дарсан" гэх маш ноцтой үндэслэлээр албан тушаалаас нь огцруулсан. Энэ нь Засгийн газрын дотор гүн гүнзгий ан цав үүссэнийг гэрчилсэн дохио болж байв. Энэхүү үйл явдал улс төрийн өс хонзон, дуусашгүй тэмцлийн хөрс суурийг тавьсан юм.
Ордуудын дайн: Бүрэнтогтох ба Авдар уул
Улс төрчдийн зөрчил дандаа эдийн засаг, байгалийн баялгийн ашиг сонирхол дээр уулздаг. 2026 оны 9 дүгээр сард С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдөхдөө, “Г.Занданшатарыг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нүүрсний уурхай болон Төв аймгийн Авдар уулын боржин, гантиг чулууны ордуудыг А.Намсаманд нартай хамтран хувьдаа авахыг санаархсан хэмээх ноцтой мэдэгдлийг хийсэн. Үүгээр зогсохгүй хууль бус алт олборлогчид, хувийн компанийн лоббиг төрийн хүчний байгууллагуудаар (ЦЕГ, ШШГЕГ) дамжуулан гүйцэтгүүлсэн гэв.
Харин Г.Занданшатарын зүгээс 2026.09.16-нд Узбекстан улсын Самарканд хотоос "Ор үндэсгүй гүтгэлэг" гэж няцаагаад, эдгээр ордуудыг улсын мэдэлд буцаан авах, үйлдвэрлэлийг сэргээх үүрэг өгсөн төрийн шийдвэрийг гуйвуулж, өөрийг нь харлуулах кампанит ажил өрнүүлж байна хэмээсэн юм.
Баялгийн хуваарилалт дээрх энэ маргаан нь хэн нь үнэн ярьж, хэн нь баялаг сорж байгааг хуулийн байгууллага тогтоохоос нааш цэгцрэхгүй дүр зурагтай байна.
Хуулийн байгууллагыг зэвсэг болгох нь:
Маргаан зөвхөн хэвлэлийн микрофоны ард үлдсэнгүй. 2026 оны 10 дугаар сард Г.Занданшатар өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан С.Амарсайхан төдийгүй Д.Амарбаясгалан, Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нарыг багтаасан таван хүнийг Авлигатай Тэмцэх Газарт өгсөн нүүдэл хийв. Тэднийг "мафийн шинжтэй бүлэглэл байгуулж, өөрийг нь хар тамхи, авлигатай холбон гүтгэсэн" гэж үзэж, нэр төрөө сэргээлгэхээр хандсан гэв. Ингэхдээ,
● Эрүүгийн хуулийн 14.8 (Хүний нэр төр, алдар хүндэд халдах),
● Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) зэрэг заалтуудыг үндэслэл болгоод буй.
Д.Амарбаясгалан нарын зүгээс “Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед рейтингээ өсгөх гэсэн, ажилгүй уйдсан хүний үйлдэл" хэмээн шоолсон билээ. Үүнээс нэг сонин юм гарч ирнэ. АТГ хүний нэр төртэй холбоотой асуудлыг шалгах уу, ордуудыг ашигласан гэх хардлагыг шалгах уу. Тэр тусмаа авлигын биш эрүүгийн хуулийн зүйл заалттай холбоотой асуудлыг шалгах уу.
Нэг талаар, Худал мэдээллээр гүтгүүлсэн гэж үзэж, нэр төрөө хамгаалж, АТГ-т хандсан нь сонин. АТГ хэн нэгний нэр хүндийг гутаасан хэргийг мөрддөг байгууллага биш байлтай. Хаягаа андуурсан гомдлыг иргэний шүүх рүү шилжүүлэх магадлалтай хэмээн бичицгээж буй. АТГ болон шүүх байгууллага улс төрийн захиалгаар хөдлөх үү.
Нөгөө талаар, “Нүүрстэйн ам, Авдрант хайрхны ордыг Г.Занданшатар, А.Намсаманд нар хамтран хууль бусаар ашигласан гэх мэдээллийг шалгах уу. Энэхүү мэдээллийг шалгавал Г.Занданшатар өөрөө өөрийгөө шалгуулж нэрээ цэвэрлэхтэй ижил утга юм.
Г.Занданшатар, С.Амарсайхан нарын хагарал нь Монголын улс төр дэх тогтолцооны гажгийг нүцгэлсэн явдал мөн. Төр, баялаг, хуулийн байгууллага гурав сүлбэлдсэн цагт улс төрийн тэмцэл үргэлж ийм замаар явдаг. Талууд хөтлөлцөөд АТГ-т очсон ч, үнэн хэрэгтээ тэд уул уурхайн орд, эрх мэдлийн төлөөх тулаанаа л хуулийн хонгилоор үргэлжлүүлж байна. Төрийн нэр хүнд унаж, нам дотрооо хагарах энэ тоглоомоос Монголын ард түмэн юу ч хожихгүй нь харамсалтай.
Үргэлжлэл бий…
П.БААТАР
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.