Тамхины хяналтын хууль ба гаатай тамхи (Esse Change) борлуулах далд бизнесийн эрин үе
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тэргүүтэй 70 гаруй гишүүдийн хамтран санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар 10 гаруй хуулиудын дунд хавчуулагдан батлагдсан. Уг хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүдийн санал, хэлэлцүүлэг огт өрнөлгүй шууд санал хураалт явуулж батласан нь анхаарал татаж байгаа юм.
Хуулийн шинэчлэлтийн хүрээнд дараах зохицуулалт хийгдэх аж.
- Электрон, халаадаг тамхи хуулийн зохицуулалтад орно. "Тамхи" гэсэн тодорхойлолтод никотин агуулсан бүтээгдэхүүн багтана. Ингэснээр эдгээрийг насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглож, татвар ногдуулна.
- Амт, үнэрийг хориглоно. Хамрын тамхи, усан хоолойгоор татдаг тамхинаас бусад бүх тамхи, татах төхөөрөмж, түүний эд ангид тамхинаас өөр амт, үнэр нэмэхийг хориглоно. Гааны амт ч энэ хоригт орно.
- Гаалийн албан татвар. Электрон тамхи, ууршуулж татах төхөөрөмж, тэдгээрийн эд анги, тамхины гаанс, соруулд 20 хувийн гаалийн албан татвар ногдуулна.
- Савлагаа. Янжуур тамхийг нэг хайрцагт 20-оос цөөн ширхгээр, задгай тамхийг 200 граммаас бага хэмжээгээр худалдахыг хориглоно.
- Зурагт анхааруулга. Анхны төсөлд анхааруулга савлагааны нүүрэн талын 70-аас доошгүй хувийг эзэлнэ гэж заасан байв. Анхны хэлэлцүүлгээр үүнийг "техникийн зохицуулалтад нийцсэн байх" болгож өөрчилсөн.
- Худалдааны цэг. Тамхийг худалдан авагчид харагдахгүй газар байршуулж, хүсэлтээр нь үзүүлнэ.
Хатуу хориг ба далд бизнесийн сэргэлт
Хуулийн төсөлд орж буй хэт өндөр татварын бодлого, импортын шалгуур, зарим төрлийн бүтээгдэхүүнийг шууд хориглож буй нь бодит амьдрал дээр тамхидалтыг бууруулах биш, харин бүтээгдэхүүний нийлүүлэлтийг “гудамжны наймаачид” руу шилжүүлэх шууд хөшүүрэг болно. Тамхи хэрэглэгчид, хувийн хэвшил, тэр дундаа Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны саналыг эс харгалзсаар ирсэн эрхэм гишүүд ер нь зах зээлээ судалсан юм болов уу гэж эргэлзэхэд хүрч байна.
Тамхины борлуулалтын 50-аас илүү хувь нь гаатай тамхи (Esse Change) байна. Тамхийг хорьж, тамхичдыг хохироохыг тамхины хяналт гэж ойлгож байгаа бол тамхины зах зээлийг бүхэлд нь хяналтаас алдахад хүрэх эрсдэлтэй. Олон улсын хэрэглээний судалгааны байгууллага Монголыг хуурамч тамхины хар зах зээлгүй, импортын худалдаа, борлуулалт нь албан ёсны зах зээлтэй гэж дүгнэсэн байдаг бол хууль тогтоогчид эрүүл зах зээлээ бусниулахад хүрч байгаа юм. Тамхичдын хэрэглээг хязгаарлаж, хааж боосноор тэд хүмүүжиж тамхинаас гарна гэж үгүй. Зүгээр л тамхиа нууц, далд худалдаагаар хэрэглээгээ хангах аргаа олно.
Өнөөдөр хуулийн зохицуулалтгүйгээс албан ёсны борлуулагчаар дамжин орж ирэх боломжгүй байгаа шинэ төрлийн утаагүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчид “ганзагаар” зөөж, нэгээс нөгөөдөө сошиалл сүлжээний зараар дамжуулан борлуулж байгаа. Хэрэв амт, үнэр, гаатай тамхийг хориглочихвол иргэд яг дээрх замаар хууль бус худалдаагаар хуурамч тамхины зах зээлийг цэцэглүүлж дөнгөнө. Амт үнэр, гаатай ч баталгаагүй янжуур, вэйпийг хөрш орнуудаас зөөж зарна. Хохирогчид нь иргэд л болно. Хар зах зээл бүр дээд цэгтээ хүрч далд бинзесийн сэргэлт эхлэх юм.
Төсөвт учрах хохирол ба олон улсын туршлага
Хууль санаачлагчдын зүгээс татварыг огцом нэмэх нь төсөвт ашигтай гэж сурталчилж буй ч бодит дүн шинжилгээ эсрэг үр дүнг илтгэдэг. Хууль ёсны борлуулалт хумигдах тусам улсын төсөвт ордог онцгой албан татвар болон НӨАТ-ын хэмжээ огцом унана. Олон улсын туршлагаас харахад:
Бутан улс: Тамхийг бүрэн хориглосон дэлхийн цорын ганц улс байсан Бутан эцэстээ хууль бус хил дамнасан наймааг дийлэхээ больж, хуулиа цуцлахад хүрсэн.
Малайз, Панам улсууд: Татварыг огцом нэмсний дараа зах зээлийнх нь 60 гаруй хувийг хууль бус тамхи эзэлж, улсын төсөв нь олон зуун сая ам.долларын татварын алдагдалд орсон.
Их Британи, Францын судалгаа: Хэт хатуу зохицуулалт нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийг санхүүжүүлдэг болохыг эрх баригчид нь хүлээн зөвшөөрсөн байдаг.
Энэхүү олон улсын гашуун түүхийг судлахгүйгээр О.Номинчимэг нарын гишүүд асуудалд хэт өнгөц, сэтгэлийн хөөрлөөр хандаж байгаа нь тун харамсалтай.
Хамгийн том хохирогч нь хэрэглэгчид ба хүүхдүүд болно
Хууль тогтоогчид тамхийг хориглосноор өсвөр үеэ хамгаална гэж ярьж буй. Гэвч бодит байдал дээр албан ёсны худалдаанд насанд хүрсэн эсэхийг шалгадаг механизм ажилладаг бол далд наймаачдад хэрэглэгчийн нас, эрүүл мэнд огтхон ч хамаагүй. Үүний цаана чанарын ямар ч баталгаагүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хортой бодисын найрлага нь стандартаас хэд дахин хэтэрсэн бүтээгдэхүүн сургуулийн орчинд нууцаар тархах эрсдэл бий болно.
Хяналтгүй бараа, хортой химийн бодис бүхий бүтээгдэхүүний тархалтыг төр хянаж чадахгүй болж, үр дүнд нь нийтийн эрүүл мэнд хамгаалагдах бус бүр ч дордоно.
.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.