Ц.Ганзориг: Х.Нямбаатар хохирогчийн дүрд тоглож Канад Улсаас орогнол хүсэж байгаа

 Хотын дарга асан Х.Нямбаатар удаа дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой асууудлуудыг хөндөж цахим хуудсаараа мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг тус мэдээллүүдийг үгүйсгэж тайлбар хийлээ. 

Тэрээр төрийн тэргүүнийг хувьдаа нисдэг тэрэгтэй, Австрали улсад үл хөдлөх хөрөнгөтэй гэх мэдээлэл нь бодит үндэслэлгүй болохыг төлөөлөгч онцоллоо. Ингэхдээ, “Иргэний нисэхийн ерөнхий газрын лавлагаагаар Монгол Улсад бүртгэлтэй 20 гаруй нисдэг тэрэгний 18 нь хувийн хэвшил болон иргэдийн эзэмшилд байдаг байна. Харин Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар албан үүргээ гүйцэтгэх зайлшгүй шаардлага гарсан үед Зэвсэгт хүчний жанжин штабын 303 дугаар ангийн нисдэг тэргийг холбогдох журмын дагуу ашигладаг бөгөөд хувьдаа нисдэг тэрэг эзэмшдэггүй. Мөн Австрали улсад үл хөдлөх хөрөнгөтэй гэх асуудал нь тус улсын орон сууцны зарын зургийг зориуд ашигласан гүтгэлэг бөгөөд төрийн тэргүүн тус улсад 12 жил зорчоогүй, тэнд ямар нэг өмч хөрөнгөгүй” гэв.

Үргэлжлүүлэн, нийслэлийн төвд баригдаж буй "Андууд тауэр" болон амралтын газруудтай холбоотой асуудалд тайлбар хийлээ. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд баригдаж буй тус оффисын барилга нь дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан концессын гэрээгээр хэрэгжиж буй нийслэлийн өмч бөгөөд Ерөнхийлөгчтэй ямар ч хамааралгүй гэв. Төслийг гүйцэтгэгч "Асар өргөө" компанийг Л.Зоригт, Л.Ганзориг нар эзэмшдэг бөгөөд өмнө нь Ардчилсан намаас нэр дэвшиж байсан Л.Наранбаатар уг компанид хамааралтай байсан нь нээлттэй мэдээллийн санд тодорхой байдаг байна. Түүнчлэн амралтын газруудын тухайд Ерөнхийлөгч Гачууртад бус, Горхи-Тэрэлжид байрлах арваад гэр, дүнзэн байшин бүхий аялал жуулчлалын "Илт хаан" компанийн 58 хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь сүүлийн арван жилийн турш Авлигатай тэмцэх газарт хуулийн дагуу мэдүүлж ирсэн хууль ёсны хөрөнгө гэдгийг мэдэгдлээ.

Бага тэнгэрийн аманд 30-40 сая ам.долларын үнэлгээтэй хотхонтой гэх мэдээллийг няцааж, “цахим бичлэгт гарсан сууцууд нь "Грийн ресурс" компани болон бусад иргэний нэр дээр бүртгэлтэй. Төрийн тэргүүн хувийн хадгаламжийнхаа эх үүсвэрээр тус байршилд амины орон сууц захиалсан бөгөөд энэ нь хөрөнгө орлогын мэдүүлэгт бүрэн тусгагдсан байна. Тухайлбал, 2020 онд 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай байснаас захиалгын төлбөрийг үе шаттай шилжүүлснээр 2025 онд хадгаламж нь 561 сая төгрөг болж, 1.2 тэрбум төгрөгөөр буурсан санхүүгийн хөдөлгөөн нь ил тод байгаа. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах "Юнайтед молл" худалдааны төв нь улсын бүртгэлийн лавлагаагаар "Юнайтед молл транс" компанийн өмч бөгөөд захирал, эзэмшигчид нь Ерөнхийлөгчтэй ямар нэг хамааралгүй хувь хүмүүс юм.

Тансаг зэрэглэлийн автомашинуудыг иргэн Нямдаваа гэх залуугийн нэр дээр нуусан гэх худал мэдээллийг Нийслэлийн хэвлэлийн албанд ажиллаж байсан Г.Золзаяа гэгч тараасныг хууль хяналтын байгууллага тогтоосон. Г.Золзаяа нь уг гүтгэлгийг татвар төлөгчдийн мөнгөөр, хотын дарга асан Х.Нямбаатарын захиалгаар гүйцэтгэснээ хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн зурвас илгээгээд БНХАУ руу гарсан баримт байгаа” хэмээлээ.

 Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын хувьд тухайн маркийн автомашин унадаг нэг ч хүн байхгүй бөгөөд нэр төрд халдсан уг асуудлаар төрийн албан хаагчид хуулийн байгууллагад хандаад байна.

Эдгээр гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг тарааж буй шалтгааныг өөрт холбогдох хэргүүд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж эхэлсэнтэй холбоотой хэмээн төлөөлөгч тайлбарлалаа. Авлигатай тэмцэх газраас Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр болон нийслэлийн 20 гаруй тендерийг хамаарал бүхий этгээдүүддээ хууль бусаар олгосон асуудлыг шалгаж буйгаа зарласан бөгөөд гэм буруугаа хаацайлах, улс төрийн золиос мэт дүр эсгэн гадаад улсаас орогнол хүсэх бэлтгэл хангаж байна гэсэн мэдээлэл ирсэн гэв. Авлигатай тэмцэх газраас Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт ямар нэг зөрчил байхгүйг баталгаажуулсан бөгөөд төрийн тэргүүний болон төрийн институтийн нэр төрд халдсан эдгээр асуудлыг хууль хяналтын байгууллагаар бүрэн шалгуулж, хариуцлага тооцуулахаа мэдэгдэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.