#2: Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа ХОЁР ОРД ашиглахтай холбоотой үүргийг өгч байжээ
С.Амарсайхан, Г.Занданшатар нарын дайн эрх баригчдын дотоод хагаралфракц, бүлэглэлүүдийн эрх мэдлийн дахин хуваарилалт, эдийн засгийн ашиг сонирхлын тулаан гэдэг нь тодорхой болсон. Эхний дугаартаа тэдний хагарал хэрхэн өрнөснийг хүргэсэн. Энэ удаад тэдний дайнд хоёр том орд дурдагдаж, учир битүүлэг үлдсэнийг хөөн сийрүүлж байна.
С.Амарсайхан сайдын суудлаа өгөхдөө, “ШШГЕГ-ын харьяа гантиг чулууны орд, нүүрсний орд бий. Үүнийг Ерөнхий сайд асан Г.Занданшатар А.Намсамандтай нийлж, хууль бусаар ашигласан. Үүнийг дэмжиж өгөөч хэмээн А.Намсаманд хоёр ч удаа миний өрөөнд орж ирсэн. "Нүүрстэйн ам" гэх нүүрсний орд "Авдрант хайрхан"-ны гантиг чулууны ордыг ашиглахтай холбоотойгоор намайг гүтгэж, харлуулж байна” гэж ярьсан билээ. Харин Г.Занданшатар “Хувь хүний мэдэлд шилжүүлсэн байсныг нь Төрийн мэдэлд авах гэсэн л юм” гэж тайлбарласан.
Хуулийнхантай нийлж байгаад тэдгээр ордуудыг үнэхээр ашигласан уу гэдэг анхаарах учиртай ноцтой асуудал мөн. Газрын ашиглалт, лицензийн асуудлууд нь дотоодын улс төрийн хүрээнд хэрүүлийн сэдэв болоод байна.
2025.06.12-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар парламент Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэмжсэн билээ. Үүнээс найман сарын дараа буюу 2026.02.06-нд тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөнд Ерөнхий сайдын хувиар оролцсон байдаг.
Энэ үеэр, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд орших “Нүүрстэйн ам”-ны нүүрсний уурхай, Төв аймгийн Лүн сумын нутагт дахь “Авдрант уул”-ын боржин чулуу олборлох үйлдвэрийг сэргээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус байгууллагын удирдлага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болгосон. Энэ бол хэвлэлийн хуудаснаа ил үлдсэн мэдээлэл. Харин далдуур ШШГЕГ-ын дарга А.Намсаманд, хуулийн сайд Б.Энхбаяр нартай ярьсан нь тодорхой бус.
Ямартай ч нэг нь Төв аймгийн Лүн, нөгөөх нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэр дэх хорих ангиудад төрийн өмчит үйлдвэрийн газар хэлбэрээр эзэмшигдэж байсан ба 2018 онд Засгийн газрын 304 дүгээр тогтоолоор татан буулгасан байна. Улмаар лицензийг АМГТГ болон ТӨБЗГ руу шилжүүлж байж. Иймд, Г.Занданшатарын үед нэгийг нь сэргээж, нөгөөхийг нь шинээр байгуулах ажил идэвхжжээ. Энэ хүрээнд А.Намсаманд, Б.Энхбаяр, С.Амарсайхан нар албан бичиг илгээж байж. Гэхдээ өнөөдрийн олж авсан мэдээллийн хүрээ хязгаараар аль алийг нь сэргээж, шинээр нээж чадаагүй байгаа гэж ойлгогдож байгаа юм. Эндээс С.Амарсайхан худал ярив уу гэдэг асуудал дахин гарч ирэх нь.
Ямартай ч “Б.Энхбаяр, А.Намсаманд нар нийлээд өнгөрөгч 2025 онд 777 цагдаагийн алба хаагчийг халж, 13 дахь сарын цалин буюу 7.9 тэрбум төгрөгийг хууль бусаар авсан” гэдэг ноцтой өгүүлбэр ч С.Амарсайханы мэдэгдэл дотор байсан. Тэгэхээр Г.Занданшатар, Б.Энхбаяр, А.Намсаманд нар чухам юугаар холбогдоод байгаа хүмүүс вэ. Цаашлаад А.Намсаманд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 2026.07.08-нд цэргийн дээд “Бригадын генерал” цол хүртсэн нэгэн гэхээр асуултууд хөвөрнө.
НЭГТ, “Авдрант хайрхан” нь жилд 200 саяын борлуулалтын орлого олдог байж
Төв аймгийн Лүн сумын нутагт орших “Авдрант хайрхан” нь Монгол улсын боржин чулууны хамгийн том, стратегийн ач холбогдолтой орд газруудын нэг юм. Монгол улсын барилгын гоёл чимэглэл, зам, хот байгуулалтын чулууны хэрэгцээг бүрэн хангах хэмжээний хэдэн зуун жилийн ашиглалтын арвин их нөөцтэй гэж үнэлэгддэг. “Авдрант хайрхан” ТӨААТҮГ нь жилд дунджаар 600-700м.куб боржин чулуу олборлож, нийслэл болон орон нутгийн барилга зам талбайн чулуу, шат, хашлага, хавтан болон хөшөө дурсгалд ашиглагдах түүхий эдийг бэлтгэдэг байж. Жилд 200 гаруй сая төгрөгийг борлуулалттай ч байж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Авдар уулын хорих анги (одоогийн Хаалттай хорих 415-р анги)-ийн үйлдвэрлэлийг түшиглэн ажиллаж байсан аж.
Авдар уулын бүс нь геологийн бүтцийн хувьд боржин чулуун цуллаг тогтоцтой. Энэхүү боржин нь бөх бат чанар өндөртэй, хүйтэн болон механик нөлөөлөлд тэсвэртэй тул өнгөлгөөний хавтан, явган замын шоо чулуу, замын хашлага (бордюр) зэргийг үйлдвэрлэхэд нэн тохиромжтой байдаг. Судлаачид болон салбарынхны тэмдэглэснээр тус газарт хэдэн зуун жилийн ашиглалтын арвин их нөөц бий.
ХОЁРТ, “Нүүрстэйн ам” дэлхийн зах зээлд өндөр үнэлэгдэх сайн чанарын коксжих нүүрстэй
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дахь “Нүүрстэйн ам” нь дэлхийн зах зээлд өндөр үнэлэгдэх сайн чанарын коксжих нүүрсний орд юм. JORC (Австралийн стандартын) ангиллаар тус ордын батлагдсан болон боломжит нийт нөөцийг 12.85 сая тонн гэж тогтоосон. (Дотоодын хайгуулын урьдчилсан дүнгээр 15–25 сая тонны таамаг нөөц яригдаж байсан). Үнс болон хүхрийн агууламж бага, коксжих чанарыг илтгэх "G index" болон урсацын шинж чанар маш сайн тул Япон, Өмнөд Солонгос, Хятадын гангийн үйлдвэрүүдийн шаардлагад нийцсэн баяжмал гаргаж авах боломжтой нь лабораторийн туршилтаар батлагдсан. Сайн чанарын коксжих нүүрсний CSR үнэлгээ 68-72 байдаг бол Нүүрстэй уурхайн дээж 78 байсан. Сайн чанарын коксжих нүүрснээс ч өндөр чанартай гэдэг нь тогтоогдсон гэсэн үг. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Aspire Mining Limited компани охин компаниудаараа дамжуулан тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг (MV-020941 дугаартай, 2047 он хүртэл хүчинтэй) 90 хувийн эзэмшилтэйгээр эзэмшдэг. Орд газарт урьдчилсан ТЭЗҮ (Scoping Study) болон өрөмдлөгийн ажлууд бүрэн хийгдэж дууссан. Гэвч хөрөнгө оруулагч компанийн зүгээс тус ордыг бие даан шууд ашиглахаас илүүтэй, өөрсдийн гол мега төсөл болох Овоотын коксжих нүүрсний уурхайг ашиглалтад оруулж, бүс нутгийн төмөр замын дэд бүтэц бэлэн болох үед "Нүүрстэй" төслийг хамтад нь идэвхжүүлж, олборлолтыг эхлүүлэхээр түр хойшлуулсан байдаг. Нүүрстэйн төсөл нь Овоот-Мөрөн чиглэлд баригдахаар төлөвлөгдсөн авто замын хажууд байрладаг тул Овоот төсөлтэй маш сайн уялдаж, бие биеэ нөхөх боломжтой юм. Эндээс дунд зэргийн дэгдэмхий бодистой, өндөр чанарын хатуу коксжих нүүрс олборлох боломжтой. Овоот төсөл олборлолтын үе шатанд шилжсэний дараа Нүүрстэйн төслийг хөгжүүлэх ажлыг үргэлжлэх учиртай аж.
П.БААТАР
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.