Л.Оюун-Эрдэнэ: Бодийн 110 сая долларын сонсголд гэрчээр оролцоно

Л.Оюун-Эрдэнэ: Бодийн 110 сая долларын сонсголд гэрчээр оролцоно

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Бодь Интернэшнл” ХХК-тай холбоотой 110 сая ам.долларын санхүүжилт, төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг хянан шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн бариад байна. Уг санаачилгатай холбогдуулан Л.Оюун-Эрдэнэ олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлж, удахгүй болох нээлттэй сонсголд гэрчээр оролцож, баримттай мэдээлэл өгөхөө мэдэгдлээ.

Тэрбээр,  “Овоо доо, Н.Номтойбаяр! Зургаан сарын дараа Бодь Интернэшнлийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барьж 86 гишүүн гарын үсэг зурсан байна!

Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая!

Манай Номт Бодийн асуудал дээр арай ч шахалт, дарамтад ороод эсвэл сая долларт худалдагдаад могой шигээ цагираглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байгаа!

Энэ удаа Бодийн 110 сая ам.долларын асуудал үнэн зөвөөрөө тогтоогдоно гэдэгт итгэж байна.

Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно! Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү, Н.Номтойбаяр аа!

Миний бие Бодийн 110 сая ам.долларын асуудлаар 2026.03.23-ны өдөр буюу найман сарын өмнө АТГ-т дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтуудыг ойлгомжтой тайлбарлаж, нотлох баримт болгон дөрвөн цагийн бичлэг болон тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийг гаргаж өгсөн болно.

Энэ ДӨРВӨН ЦАГИЙН БИЧЛЭГ-ийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна.

Бодийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйлд төвлөрч ажиллах шаардлагатай!

1. Гашуунсухайтыг Бодь Интернэшнл компанийн гүйцэтгэлээр хийлгүүлэх тухай 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргаж, пост болгон олон нийтэд түгээчих! Энэ зөвлөмж дээр хэн гарын үсэг зурсан, нууцалж шууд гэрээ байгуулсан хуулийн заалт зэрэг бүх зүйл маш тодорхой байгаа! Өөр хэрэгтэй, хэрэггүй олон бичиг гаргаж, олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй!2. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хурлын 19 дүгээр тогтоолоор Бодь Интернэшнл ХХК-ийн данс руу 110 сая ам.доллар буюу 293,700,000,000 төгрөг шилжсэн. Энэ мөнгө одоо хаана байгаа вэ? Бас яг юунд зарцуулагдсан бэ гэдгийг сонсголоор тогтоочих! Хэрвээ дээрх үнийн дүн бүхий мөнгө төмөр замд зарцуулагдаагүй бол хэн хэн авсныг тогтоогоод, улсыг хохиролгүй болгочих. Мөнгө мөртэй…

3. Манай Б.Энхбаярын хайгаад олохгүй гэж будилаад байгаа бэлэн мөнгө гаргасан Голомт Финансын дансыг АТГ 2022.12.18-ны өдөр олж тогтоогоод, надад танилцуулж байсан юм.

Энэ өдрөөс хойш улс төрийн том зөрчил үүссэн дээ!

Л.Оюун-Эрдэнэ миний бие энэ тухай болон бусад олон асуудлаар сонсголд гэрчээр оролцож, үнэн зөв мэдээллийг баримттай, нотолгоотой ярихаа үүгээр илэрхийлж байна.

Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ…” гэжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.