Монголчууд Physical Asia шоугаар дэлхийн хараанд өртөж байна

Монголчууд Physical Asia шоугаар дэлхийн хараанд өртөж байна

Монголчууд дэлхийд гарсаар. Сагсанбөмбөгийн 3х3 үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид, CS2-ийн The Mongolz-ынхон, The Hu хамтлаг гээд спорт, урлагийнхан дэлхийд нэртэй хүмүүс болжээ. Үүн дээр сүүлийн хэдэн өдөр Азидаа төдийгүй тив дамнан үзэгчдийг огшоож буй Монгол залуус Physical: Asia тэмцээнийг чимж байна. 

Netflix-ийн хамгийн өндөр үзэлттэй реалити шоунуудын нэг болох Physical 100-гийн спин-офф, Physical: Asia шоунд аравдугаар сард цацагдаж, эхний дугаар гарснаас хойш монголчуудын бяр тэнхээ, ур чадвар, тэсвэр хатуужлын тухай шуугин ярьсаар. 

content 3060 hjjjj 1 1024x683

Өмнө нь зөвхөн Өмнөд Солонгост зохиогддог байсан тус шоу энэ удаад Азийн найман улсын баг өрсөлдөж буйгаараа онцлог юм. Тухайлбал боксын домог болсон Мэнни Пакьяо, UFC-ийн аварга Роберт Уиттакер зэрэг дэлхийд танигдсан тамирчид оролцжээ. Одоогоор шоуны эхний дөрвөн дугаар цацагдаад байгаа бол дөрвөн дугаарын дүнд Монголын баг эхний тэмцээнд ялагдсан бол хоёр дахь тэмцээндээ шилдэг 4-т шалгарсан. Монголын хүчирхэг багийн ахлагч нь Б.Орхонбаяр бөгөөд түүний багт жүдоч А.Адъяасүрэн, сагсан бөмбөг 3x3-ийн тамирчин Э.Дөлгөөн, MMA-ийн аварга Б.Энх-Оргил, волейболын шилдэг тамирчин Г.Хандсүрэн, уран нугараач Э.Лхагва-очир нар багтаж байна.

Багийн ахлагч Б.Орхонбаяр 

content 3060 1758686369752424

Шоуны эхэнд тэрбээр "Монголд намайг танихгүй хүн байхгүй" гэж тодотгосон. Тийм ээ, түүнийг танихгүй хүн Монголд үгүй. 2019 оны улсын наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол, 2022 оны ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадамд Даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж,  Монгол Улсын арслан цол, 2024 оны ардын хувьсгалын 103 жилийн ойн улсын их баяр наадамд Улсын аварга П.Бүрэнтөгсөөр найм даван үзүүрлэж "Үлэмж бадрах" чимэг нэмсэн түүнийг танихгүй байхын аргагүй. Тиймдээ ч түүний бяр, ур чадвар, самбааг нь хүлээн зөвшөөрч уухайлан дэмжиж буй. Үндэсний бөхийн зодог шуудагтай гарч ирсэн Б.Орхонбаяр улсынхаа соёлын өвийг таниулаад амжсан. Уриагаа хэлэхдээ хүртэл сур харваж буй дүрслэл үзүүлж байгаа нь тун өвөрмөц хэмээн үзэгчдийг баясгаж байна. Одоо түүнийг зөвхөн монголчууд биш дэлхийд танихгүй хүн байхгүй болсон биз. 

content 3060 572778627 1023162978

Холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил

content 3060 1758686614365719

Тэмцээнд UFC, ONE Championship зэрэг томоохон тэмцээний тулаанчид оролцсон бол Монголын багаас холбоонд ONE Championship тэмцээнд тулалдсан туршлагатай тамирчин Б.Энх-Оргил оролцсон. Тэрбээр энэ тэмцээнд зөвхөн хүч чадал бус хурд, тэсвэр, стратегийн сэтгэлгээгээрээ ялгарч, бусад оролцогчдоо уриалж чадаж буй. 

Уран нугараач, МУГЖ Э.Лхагва-Очир

content 3060 1758686655949092

"Циркчин" гэж олонд танигдсан боловч түүний уян хатан биеийн хөдөлгөөн, тэсвэр хатуужил, бие бялдарын хөгжил эрхгүй олны анхаарлыг татсан. Урлагийн салбараас шоунд оролцож буй хэдий ч түүнийг циркийн олон улсын А зэрэглэлийн наадмаас 10 гаруй шагнал хүртсэн, дэлхийд гайхагдсан уран нугараач гэдгийг мэдэхгүй хүн ховор. Тиймдээ ч аль хэдийнэ олон улсынхны хараанд өртөж, бүр солонгосчуудын краш болоод амжсан сурагтай. 

Сагсан бөмбөгийн 3х3-ийн Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн

content 3060 1758686542843483

Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн улсынхаа нэрийг мөн л дэлхийд таниулж чадсан. 3х3-ийн тэмцээнд хурдтай тоглогч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Э.Дөлгөөний авхаалж самбаа, боловсруулсан тактик хоёр дахь тэмцээнийг аварсан гэхэд хилсдэхгүй. Түүний гаргасан санал багийн шийдвэртээ нөлөөлж, тэмцээндээ 2000 кг ачааг зөөж чадсанаар дараагийн шатандаа шалгарч чадсан юм. 

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн

content 3060 1758686415516072

Өдгөө 25 настай, жүдо бөхийн хүнд жингийн ангиллын шилдэг тамирчдын нэг  А.Адъяасүрэн багийнхаа шигтгээ болсон тамирчин. Тэмцээнний эмэгтэй оролцогчдоос хамгийн хүнд жинтэй эмэгтэйгээр шалгарсан. Тиймдээ ч багийн хүчний бүхий л зүйлд түүний оролцоо чухал нөлөө үзүүлсээр байна. Түүний тухайд “Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, Парис-2024 Олимпийн наадамд эх орноо төлөөлж оролцож байсан юм. 

Волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн

content 3060 1758686583097825

Эрэгтэй оролцогдчоосоо дутахааргүй хүч тэнхээтэй, тэвчээртэй гэдгээ харуулаад буй Монголын волейболын үндэсний шигшээ багийн тоглогч Г.Хандсүрэн. Тэрбээр өмнө нь Япон болон Тайванийн мэргэжлийн лигүүдэд тоглож байв. Өндөр бие, хүчтэй довтолгоо, хамгаалалтын техник сайтай түүнийг бусад эмэгтэй оролцогчид басаж байгаа ч Г.Хандсүрэн өөрийгөө хоёр дахь тэмцээн дээр ямар оролцогч гэдгээ харуулаад амжсан билээ. 

content 3060 image 8

content 3060 Physical Asia Episod

content 3060 Hero Image 1600x900

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.